60 1Бурхан, Та биднээс татгалзсан.
Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн.
Биднийг сэргээгээч.
2Та газрыг хөдөлгөн, түүнийг хагалсан.
Газар доргиж байгаа тул түүний цөмөрхийг нийлүүлээч.
3Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан.
Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
4Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн.
Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн. 5Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.

6Бурхан ариун газартаа айлдсан нь
“Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг ч хэмжинэ.
7Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч бас Миний толгойн дуулга.
Иуда бол Миний очирт таяг.
8Моаб бол Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филист ээ, Надаас болж чанга хашхир!”.

9Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
10Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу?
Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
11Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
12Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд
Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.