80 1Иосефыг хонин сүрэг мэт удирддаг
Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч.
Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.
2Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,
Биднийг аврахаар ирээч!
3Бурхан, биднийг сэргээж
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.

4Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,
Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?
5Та тэднийг нулимсаар хооллож,
Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.
6Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөд
Дайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.
7Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.

8Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.
Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.
9Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд
Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.
10Түүний сүүдэр уулсыг бүрхсэн бөгөөд
Түүний мөчрүүд Бурханы хуш шиг байв.
11Тэр мөчрөө далай хүртэл,
Салаагаа Мөрөн хүртэл сунгасан.
12Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр
Юунд Та түүний ханыг нураасан бэ?
13Ойн бодон гахай түүнийг идэж,
Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.

14Түмэн цэргийн Бурхан, дахин эргэн ирээч, бид Танаас гуйж байна.
Тэнгэрээс өнгийн харж, энэ усан үзмийн модыг болон
15Таны баруун мутрын тарьсан нахиаг ч арчлан,
Өөрийнхөө төлөө бат бэх болгосон мөчрөө ч хараач.
16Тэр нь галд шатаж, тастуулсан.
Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг.
17Таны гар Таны баруун гар тал дахь хүний дээр,
Таны Өөрийнхөө төлөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай.
18Тэгвээс бид Танаас ухарч буцахгүй.
Биднийг сэргээгээч, тэгвэл бид Таны нэрийг дуудна.
19Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч.
Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,
Тэгвэл бид аврагдах болно.