44 1Бурхан, эртний өдрүүд болох
Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг
Тэд бидэнд ярьсан бөгөөд
Бид чихээрээ сонссон билээ.
2Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан.
Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан.
Та хүмүүст гай тарьж,
Тэднийг тараасан.
3Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй,
Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй,
Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн
Учир нь Та тэднийг ивээсэн.

4Бурхан, Та бол миний Хаан.
Иаковд ялалтыг тушаагаач.
5Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.
Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6Би өөрийн нуманд найдахгүй,
Миний илд ч намайг аврахгүй.
7Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,
Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөд
Бид Таны нэрд мөнхөд талархана.
9Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон,
Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
10Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.
Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.
11Та биднийг идэшний хонь шиг өгч,
Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
12Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд
Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.
13Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,
Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.
14Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл,
Хүмүүсийн дунд шившиг болгосон.
15Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөд
Миний доромжлол намайг дүүргэжээ.
16Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,
Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.

17Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд
Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.
18Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд
Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
19Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж,
Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.

20Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан,
Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол
21Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү?
Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
22Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг.
Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
23Эзэн, босооч. Юунд Та унтана вэ?
Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
24Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
25Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав.
Бидний бие газарт наалддаг.
26Босооч, бидэнд тусалж,
Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.