124 1“ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэж
Израилиар одоо хэлүүл
2“Хүмүүс бидний эсрэг босох үед
ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол
3Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед
Тэд биднийг амьдаар маань залгих байсан.
4Тэгээд их ус биднийг хаман,
Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.
5Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан”.

6Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүй
ЭЗЭН магтагдах болтугай.
7Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ.
Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.
8Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн
ЭЗЭНий нэрд бий.