139 1Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
2Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.
Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.
3Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,
Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.
4Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,
Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
5Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,
Миний дээр мутраа тавьсан.
6Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.
Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.

7Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?
Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
8Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.
Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
9Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,
Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,
10Тэнд ч Таны мутар намайг удирдаж,
Таны баруун мутар надаас зуурах болно.
11Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч,
Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл
12Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд
Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.
Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.

13Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.
Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.
14Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.
Таны үйлс бол гайхалтай бөгөөд
Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.
15Намайг нууц дотор бүрэлдэж,
Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч
Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.
16Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан.
Надад тогтоогдсон өдрүүдийн
Нэг нь ч болоогүй байхад
Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.

17Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!
Тэдний нийлбэр хичнээн их вэ!
18Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.
Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.

19Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой.
Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.
20Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөд
Таны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.
21Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү?
Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?
22Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг.
Тэд миний дайснууд болсон.

23Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч.
Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
24Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,
Мөнхийн зам уруу намайг залаач.