19 1Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,
Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
2Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.
3Хэл яриа хийгээд үг ч байхгүй,
Чимээ ч сонсогдохгүй.
4Дуу хоолой нь бүх дэлхийд,
Үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ.
Тэдгээрийн дотор Бурхан нарны төлөө майхан барьсан.
5Нар өргөөнөөсөө болзоот залуу мэт гарч ирж байна.
Тэрээр уралдааны замд гарахаар баатар хүн шиг догдолдог.
6Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас,
Тойрох нь түүний нөгөө зах хүртэл.
Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.

7ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.
8ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.
9ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн.
Тэд бүгдээрээ зөв шударга.
10Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй,
Мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.
11Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг.
12Өөрийн бурууг хэн ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач.
13Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач.
Тэднээр намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,
Агуу нүглээс ангижирна.
14Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН,
Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд
Таны мэлмийд тааламжтай болох болтугай!