28 1ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.
Хад минь, чихээ бүү бөглөөч.
Учир нь хэрэв Та дуугүй байвал
Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
2Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,
Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд
Миний гуйлтын дууг сонсооч.
3Хорон муу хүмүүс болон
Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.
Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч
Зүрхэнд нь бузар муу байдаг.
4Тэдний ажлууд болон
Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.
Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.
5Тэд ЭЗЭНий ажлууд болон
Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул
Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.

6ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.
7ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.
Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.
Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд
Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.
8ЭЗЭН бол тэдний хүч чадал,
Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
9Өөрийн хүмүүсийг аварч,
Өөрийн өвийг ерөөгөөч.
Бас тэдний хоньчин нь болж,
Тэднийг мөнхөд үүрч яваач.