107 1ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн.
Тэднийг Тэр өстний гараас зольж,
3Өрнө хийгээд дорноос,
Өмнөд хийгээд умраас,
Нутаг бүрээс цуглуулсан.

4Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв.
Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.
5Өлсөж, цангаад
Тэдний сэтгэл тэдний дотор сульдсан.
6Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
7Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар
Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
8Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
9Учир нь Тэр цангасан сэтгэлийг хангалуун болгож,
Өлссөн сэтгэлийг сайн зүйлсээр дүүргэсэн.

10Тэд бол харанхуйд болон үхлийн сүүдэрт суугчид,
Арчаагүй байдал болон төмрөөр гинжлэгдсэн хүмүүс юм.
11Яагаад гэвэл тэд Бурханы үгсийн эсрэг тэрслэн,
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг үл тоосон.
12Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон.
Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.
13Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.
14Тэр тэднийг харанхуйгаас болоод үхлийн сүүдрээс гаргаж,
Тэдний хүлээсийг тасалсан.
15Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
16Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж,
Төмөр түгжээг нь хугалсан.

17Өөрсдийнхөө тэрслүү зам болон
Өөрсдийн гэм буруугаас болж тэнэгүүд зовжээ.
18Тэдний сэтгэл бүхий л төрлийн хоолонд дургүйцсэн бөгөөд
Тэд үхлийн дааман хаалга уруу ойртсон.
19Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.
20Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,
Тэднийг мөхлөөс нь аварсан.
21Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
22Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн,
Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!

23Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид
24ЭЗЭНий үйлсийг хийгээд
Гүнд буй Түүний гайхамшгуудыг харсан.
25Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож,
Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.
26Тэдгээр нь тэнгэр өөд гарч,
Гүн уруу эргэн буув.
Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан.
27Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд
Тэдний оюун ухаан нь самуурсан.
28Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан.
Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.
29Далайн давалгаануудыг нам гүм болгохоор
Тэрээр шуургыг номхтгосон.
30Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад,
Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.
31Хайр энэрлийнх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!
32Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж,
Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул.

33Тэр гол мөрнүүдийг цөл болгон,
Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.
34Тэнд оршин суугчдын хорон муугаас болж
Шимтэй газрыг хужиртай газар болгосон.
35Тэрээр цөлийг усны цөөрөм,
Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.
36Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.
Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,
37Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,
Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.
38Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,
Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.

39Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болж
Цөөрч, доройтсон үед
40Тэр ноёдод зэвүүцлээ юүлж,
Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.
41Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж,
Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.
42Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна.
Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.
43Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.