45 1Миний зүрхэнд сайн үг бялхам байна.
Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя.
Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.
2Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм.
Таны уруул нигүүлслээр дүүрэн.
Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.

3Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээр
Ташаандаа илдээ зүү.
4Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө
Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч.
Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.
5Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ.
Ард түмнүүд Таны өмнө унадаг.

6Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой.
Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.
7Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан.
Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг
Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.
8Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй.
Зааны ясан ордноос гардаг
Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.
9Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг.
Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.

10Сонс, охин оо, анхааран чагна.
Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.
11Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана.
Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
12Тирийн охин бэлэгтэй ирж,
Хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна.

13Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж,
Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.
14Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв.
Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.
15Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн ордонд орох болно.

16Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна.
Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно.
17Би Таны нэрийг үеийн үед сануулна.
Тиймээс ард түмэн Танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө.