22 1Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?
Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
2Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй.
Шөнө ч бас хашхирдаг боловч надад хариу үгүй.
3Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,
Та бол ариун юм.
4Бидний эцэг өвгөд Танд итгэсэн.
Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.
5Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.
Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.

6Харин би бол өт, хүн биш!
Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.
7Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.
Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн
8“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг!
Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.

9Гэсэн ч Та бол намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн.
Эхийнхээ хөхөөр байх үед
Та намайг итгүүлсэн.
10Би төрөхөөсөө Танд даатгагдсан.
Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.

11Зовлон ойрхон байгаа учраас
Надаас бүү холдооч.
Учир нь туслах хүн нэг ч алга.
12Олон үхэр намайг хүрээлсэн.
Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.
13Хуу татахаар архиран байгаа арслан шиг
Тэд над уруу амаа том ангайлгадаг.
14Намайг ус шиг асгасан бөгөөд
Миний бүх яс мултарсан.
Миний зүрх лааны тос адил юм.
Тэр нь миний дотор хайлсан.
15Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж,
Миний хэл түүшиндээ наалдсан.
Та намайг үхлийн шороонд тавьдаг.
16Учир нь намайг ноход хүрээлжээ.
Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ.
Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.

17Би бүх ясаа тоолж чадна.
Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.
18Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж,
Миний дотуур хувцасны төлөө шоддог.

19Харин, ЭЗЭН, Та бүү холдооч.
Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.
20Миний сэтгэлийг илднээс,
Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.
21Намайг арслангийн амнаас авраач.
Зэрлэг үхрийн эврээс аварч,
Надад хариу өгөөч.

22Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно.
Чуулганы дунд би Таныг магтах болно.
23ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.
Иаковын үр удам болох та бүгд
Түүнийг алдаршуул.
Израилийн үр удам болох та бүгд
Түүнийг хүндэтгэ.
24Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.
Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.
Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.

25Их чуулганы дунд миний магтаал
Танаас ирдэг.
Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.
26Ядуу хүн идэж, цадна.
ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.
Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
27Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно.
Улс үндэстнүүдийн бүх ургууд
Таны өмнө хүндэтгэн мөргөнө.
28Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх.
Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.
29Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно.
Шороон доор орогч бүхэн,
Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч
Түүний өмнө сөгдөнө.
30Үр удмууд Түүнд зарагдах болно.
Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.
31Тэд ирж, Тэр үүнийг үйлдсэн гэдгийг,
Ирээдүйд төрөх хүмүүст
Түүний зөв шударгыг зарлах болно.