86 1Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач.
Учир нь би зовж, гачигдаж байна.
2Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач.
Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.
3Өө, Эзэн, намайг нигүүлсээч,
Учир нь Тан уруу хандан Би өдөржин хашхирдаг.
4Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач,
Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
5Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,
Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.
6Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач.
Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач!
7Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна,
Учир нь Та надад хариулна.
8Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй,
Таных шиг үйлс ч байхгүй.
9Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж,
Таны өмнө хүндэтгэн мөргөж,
Таны нэрийг алдаршуулна.
10Учир нь Та бол аугаа бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг.
Та ганцаараа л Бурхан юм.

11Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч.
Би Таны үнэнээр явах болно.
Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч.
12Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж,
Таны нэрийг мөнхөд алдаршуулна.
13Учир нь надад хандсан Таны хайр энэрэл аугаа бөгөөд
Та миний сүнсийг Үхэгсдийн орны гүнээс аварсан.

14Өө, Бурхан, бардамнагч хүмүүс миний эсрэг босож,
Хүчирхийлэгч хүмүүсийн бүлэглэл миний амийг хайсан бөгөөд
Тэд Таныг өөрсдийнхөө өмнө залаагүй.
15Харин ЭЗЭН Та бол өршөөлт, нигүүлсэлт,
Уурлахдаа удаан, хайр энэрэл болон үнэнээр элбэг баян Бурхан юм.
16Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч,
Шивэгчнийхээ хүүг авраач.
17Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд
Сайны төлөөх тэмдгийг надад үзүүлээч.
Учир нь ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан.