118 1ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.
2Израильчуудаар хэлүүл,
“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
3Аароны гэрээр хэлүүл,
“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.
4ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,
“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

5Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.
ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
6ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
7ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.
Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.
8Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
9Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

10Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
11Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
12Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.
Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.
13Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,
Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.
14ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон юм.

15Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
16ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
17Би үхэхгүй, харин амьдарч,
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,
Гэвч намайг үхэлд хүргээгүй.

19Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.
Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.
20Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.
Зөв шударга хүн түүгээр орох болно.
21Та надад хариулсан бөгөөд
Та миний аврал болсон учраас
Би Танд талархал өргөнө.

22Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов.
23Энэ бол ЭЗЭНээс бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм.
24Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.
Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!
26ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.
Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.
27ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.
Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
28Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе.
Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.
29ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн,
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.