81 1Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун.
Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.
2Дуу аялж, бөмбөр цохиж,
Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.
3Бидний баярын өдөр, шинэ сар буюу
Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.
4Учир нь энэ бол Израильд зориулсан зарлиг,
Иаковын Бурханы тогтоол юм.
5Тэрээр Египет нутаг даяар явж байсан үедээ
Үүнийг Иосефын дунд гэрчлэлийн төлөө байгуулсан.
Би өөрийн мэдэхгүй хэлээ сонссон.

6“Би түүний мөрнөөс ачааг буулгаж,
Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.
7Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан.
Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.
Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан. 8Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.
Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!
9Та нарын дунд гаднын бурхан бүү байг.
Та нар харийн бурханд бүү мөргө.
10Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан
ЭЗЭН Би бол та нарын Бурхан юм.
Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.

11Гэвч Миний хүмүүс Миний дууг сонсоогүй бөгөөд
Израиль ч Намайг дагаагүй.
12Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаар
Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.
13Миний хүмүүс Намайг сонсож,
Израиль Миний замаар явсан ч болоосой!
14Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж,
Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.
15ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд дуулгавартай мэт дүр үзүүлэх байсан бөгөөд
Тэдний үе мөнхөд үргэлжлэхсэн.
16Би та нарыг улаан буудайн дээдээр хооллон,
Хад чулуунаас гарах зөгийн балаар Би та нарыг хангах байсан”.