103 1Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
2Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,
Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3Тэр чиний бүх гэм бурууг уучилж,
Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4Тэр чиний амийг мөхлөөс аварч,
Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.
5Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд
Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

6ЭЗЭН дарлагдсан бүхний төлөө
Зөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.
7Тэр Өөрийн замыг Мосед,
Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.
8ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй,
Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.
9Тэр үргэлж тэмцэлдэхгүй,
Уураа ч мөнхөд хадгалахгүй.
10Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,
Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.
11Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг
Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
12Өрнө дорноос хол байдаг шиг
Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
13Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил
ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.
Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.

15Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.
Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.
16Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөд
Түүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
17Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод
Түүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
18Энэ нь Түүний гэрээг сахигчдад,
Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.

19ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд
Түүний хаанчлал бүхнийг захирдаг.
20Түүний үгийн дууг даган
Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай,
Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.
21Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг
Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
22Түүний захирдаг бүх газарт буй
Түүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.