147 1ЭЗЭНийг магтагтун!
Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ.
Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна.
2ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг.
Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.
3Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,
Тэдний шархыг боодог.
4Тэрээр оддыг тоолдог.
Тэр тэд бүгдэд нэр өгдөг.
5Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн.
Түүний оюун ухаан хязгааргүй юм.
6ЭЗЭН зовогсдыг түшдэг.
Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.

7ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.
Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.
8Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн,
Газар дэлхийд бороог бэлтгэж,
Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.
9Тэр араатан амьтанд хийгээд
Гуагалан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.
10Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.
Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.
11ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,
Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.

12Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!
Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!
13Учир нь Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм.
Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.
14Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог.
Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.
15Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг.
Түүний үг маш хурдан тархдаг.
16Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг.
Тэр цан хярууг үнс шиг тараадаг.
17Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг.
Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?
18Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг.
Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.
19Тэр Өөрийн үгийг Иаковд,
Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.
20Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй.
Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ.
ЭЗЭНийг магтагтун!