68 1Бурхан босож, дайснууд нь таран бутарч,
Түүнийг үзэн ядагчид Түүний өмнөөс зугтаг.
2Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч.
Лааны тос галын өмнө хайлдгийн адил
Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.
3Харин зөв шударга хүмүүсийг баярлуул. Тэднийг Бурханы өмнө баяр хөөр болго.
Тэднийг баясалтайгаар баярлуул.
4Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун.
Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө.
Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн.

5Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь бол
Өөрийн ариун газартаа буй Бурхан юм.
6Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог.
Тэрээр хоригдогсдыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөд
Зөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг.

7Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад,
Мөн Таныг цөл дундуур жагсан явахад 8Газар хөдөлжээ.
Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан.
Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.
9Бурхан, Та элбэг баян бороог хайрласан.
Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ.
10Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.
Бурхан, Та Өөрийн сайнаар ядуусыг хангажээ.

11Эзэн тушаал буулгадаг.
Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.
12“Их цэргүүдийн хаад зугтдаг, тэд зугтдаг бөгөөд
Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”.
13Хонины хашаанд хэвтэх үедээ та нар
Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,
Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.
14Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үед
Залмонд цас бударч байв.

15Бурханы уул бол Башаны уул юм.
Олон өндөр оргилтой уул бол Башаны уул юм.
16Олон өндөр оргилтой уулс аа,
Бурханы Өөрийн оршин суух газраа болгохыг хүссэн уул уруу
Та нар юунд атаархан харна вэ?
Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.
17Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг.
Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.
18Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ.
Та хүмүүсийн дунд бэлэг авсан,
Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.

19Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн,
Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай. 20Бидний хувьд Бурхан бол авралын Бурхан юм.
Үхлээс зайлах нь Эзэн болох БУРХАНых юм.
21Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг,
Гэмээ байнга үйлддэг хүний үстэй оройг бяц цохино.
22Эзэн “Би тэднийг Башанаас авчирна.
Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.
23Энэ нь хөл чинь тэднийг цусанд нь түйвээж,
Нохдын чинь хэл дайснуудын чинь цуснаас хувь хүртэхийн тулд болой” гэв.

24Бурхан, тэд Таны залран ирэхийг,
Миний хаан болох миний Бурханы ариун газарт залран ирэхийг харсан.
25Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуунд
Дуучин эхэлж, хөгжимчид дагав.
26Израилиас ундран гардаг та нар аа,
Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!
27Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,
Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй,
Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.

28Чиний Бурхан чамд хүчийг тушаав.
Бидний төлөө үйлдэж байсан Бурхан, Та Өөрийн хүчийг харуулаач.
29Иерусалим дахь Таны сүмээс болж
Хаад Танд бэлгүүдийг авчирна.
30Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэг
Зэгсэн дундах араатнууд болон
Ард түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ.
Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.
31Дээдсүүд Египетээс гарч ирнэ.
Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.

32Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун.
Эзэнд магтан дуулагтун. 33Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун.
Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.
34Хүч чадлыг Бурханых гэж үз.
Түүний сүр хүч Израилийн дээр,
Түүний хүч чадал тэнгэрт байна.
35Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна.
Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг.
Бурхан магтагдах болтугай!