39 1“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд
Өөрийн зам мөрийг сахих болно.
Хорон муу хүн миний өмнө байх зуур
Би амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.
2Би үг дуугүй байж,
Би сайныг ч дуугараагүй бөгөөд
Миний шаналал ихсэж байна.
3Миний зүрх дотор минь халуун оргиж,
Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв.
Тэгээд би хэлээрээ ярьсан.
4“Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч.
Хэр сул доройг минь надад мэдүүлээч.
5Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,
Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.
Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм. 6Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.
Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.
Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.

7Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?
Миний найдвар Танд л байна.
8Намайг бүх нүглээс минь авраач.
Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.
9Та үүнийг үйлдсэн учраас
Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.
10Өөрийн гамшгийг надаас зайлуулаач.
Таны мутрын цохилтод би үрэгдсэн.
11Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг.
Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг.
Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм.
12ЭЗЭН, миний залбирлыг сонсож,
Миний хашхирах дуунд чих тавиач.
Нулимсанд минь бүү дуугүй байгаач.
Би Танд харь хүн,
Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.
13Цааш явж, алга болохоосоо өмнө
Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач”.