69 1Бурхан, намайг авраач.
Учир нь их ус аминд минь заналхийлсэн.
2Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй.
Би гүн усанд орж, үерт автсан.
3Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ.
Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.
4Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна.
Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна.
Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.

5Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөд
Миний буруу Танаас нууцлагдаагүй.
6Түмэн цэргийн БУРХАН Эзэн,
Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой.
Израилийн Бурхан,
Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай.
7Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ.
Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.
8Би ах дүүстээ харийн хүн болж,
Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.
9Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж,
Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн.
10Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад,
Тэр нь чухамдаа миний шившиг болсон.
11Намайг тааран хувцас өмсөхөд,
Би тэдний хувьд, сургамж яриа болсон.
12Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд
Би согтуурагчдын дуу нь болсон.

13ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг.
Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар
Өөрийн авралын үнэнээр надад хариулаач.
14Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч.
Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.
15Би усны үерт үл автаж,
Гүн усанд үл залгиулж,
Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай.

16ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач.
Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж,
17Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач.
Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.
18Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ.
Миний дайснуудын учир намайг золиоч!
19Надад ирсэн буруутгал, ичгүүр болон доромжлолыг Та мэднэ.
Миний бүх өстөн Таны өмнө байна.

20Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна.
Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.
Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.
21Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,
Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.

22Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.
Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.
23Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.
Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.
24Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.
Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.
25Тэдний хуаран хоосрох болтугай.
Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.
26Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан бөгөөд
Тэд Таны шархдуулсан хүний өвчний талаар ярилцдаг.
27Тэдний гэм буруу дээр гэм бурууг нэмээч.
Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.
28Тэд амийн номоос хасагдан арчигдаж,
Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.

29Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна.
Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.
30Би Бурханы нэрийг дуугаар магтаж,
Түүнийг талархлаар өргөмжилнө.
31Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр,
Эсвэл эвэр туурайтай залуу бухнаас илүүгээр таалагдах болно.
32Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна.
Бурханыг эрэн хайгчид аа, та нарын зүрх сэргэх болтугай.
33Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөд
Өөрийн хоригдлуудыг жигшдэггүй.

34Тэнгэр ба газар,
Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.
35Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна.
Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.
36Түүний зарц нарын үр удмууд үүнийг өвлөж,
Түүний нэрийг хайрлагчид тэнд оршин суух болно.