55 1Бурхан, залбиралд минь чих тавиач.
Намайг гуйхад бүү нуугдаач.
2Намайг анхааран сонсож, надад хариулаач.
Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.
3Энэ нь дайсны дуу болон
Хорон муу хүний дарамтаас болсон болой.
Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд
Уур дотор тэд намайг үзэн яддаг.

4Миний дотор зүрх минь шимширч,
Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.
5Айдас, чичрэл надад ирж,
Би аймшигт автжээ.
6“Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой!
Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.
7Харагтун, би алс хол дайжиж,
Цөлд саатан суух байсан. 8Би хуй салхи, шуурганаас
Хоргодох газар уруугаа яаран очих байсан” гэж би хэлэв.

9Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учир
Үймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.
10Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөд
Түүний дотор гэм буруу болон худал байдаг.
11Түүний дотор сүйрэл бий.
Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.

12Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ.
Тийм байсан бол би тэсэхсэн.
Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш.
Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
13Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи,
Миний анд нөхөр бөгөөд миний дотнын найз билээ.
14Бид хамтдаа амттай яриа дэлгэж,
Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан.
15Тэдэн дээр үхэл гэнэт ирэг.
Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг.
Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.

16Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөд
Тэрээр дууг минь сонсоно.
18Надтай тэмцэлдэгч тэд олон учраас
Тэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.
19Эртнээс сэнтийд залран буй нэгэн болох
Бурхан сонсоод тэдэнд хариулна. Тэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.
20Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ.
Тэр өөрийн гэрээг зөрчжээ.
21Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан,
Харин зүрхэнд нь дайсагнал байв.
Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан,
Гэвч тэд сугалсан илд мэт байв.

22Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө.
Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
23Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.
Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй.
Харин би Танд итгэх болно.