91 1Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн
Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
2Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,
Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.
3Учир нь чамайг анчны урхинаас,
Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.
4Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд
Түүний жигүүр дор чи хоргодох болно.
Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.

5Чи шөнийн аймшгаас ч,
Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.
6Мөн харанхуйд явагч тахлаас ч,
Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
7Мянган хүн чиний дэргэд,
Түмэн хүн чиний баруун гар талд унавч,
Энэ нь чамд халдахгүй.
8Чи зөвхөн нүдээрээ хараад л
Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.
9Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу
Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
10Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,
Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.

11Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд
Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.
12Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд чамайг гар дээрээ өргөн явна.
13Чи арслан, наж могойг гишгэж,
Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.

14“Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна.
Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.
15Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна.
Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна.
Би түүнийг аварч, хүндлэх болно.
16Би түүнийг урт амьдралаар хангаж,
Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.