18 1Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.
2ЭЗЭН бол миний хад,
миний цайз,
миний аврагч,
миний Бурхан,
миний хоргоддог хад минь,
миний бамбай,
миний авралын эвэр,
миний бэхлэлт юм.
3Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,
Өөрийн дайснуудаас би аврагдсан.

4Үхлийн утас намайг хэрж,
Бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ.
5Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.
Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.
6Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,
Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд
Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,
Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.

7Тэгээд газар дэлхий чичрэн доргив.
Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
8Түүний хамраас утаа гарч,
Түүний амнаас гал манаран шатаажээ.
Тэрхүү галд нүүрс ноцсон.
9Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэн
Харанхуй үүл Түүний хөл дор байна
10Тэрээр херуб хөлөглөн нисэв.
Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.
11Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар,
Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийг
Өөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.
12Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,
Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.
13ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,
Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.
14Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,
Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.
15Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд
Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор
Усны урсгалууд үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.

16Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.
Их уснаас Тэр намайг татан гаргасан.
17Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.
Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.
18Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,
Гэвч ЭЗЭН миний түшиг байв.
19Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.
Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.

20ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан,
Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.
21Учир нь би ЭЗЭНий замыг баримталж,
Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй.
22Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд
Би Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй.
23Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж,
Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.
24Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу,
Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.

25Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.
Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.
26Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,
Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.
27Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг,
Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.
28Та миний дэнлүүг асаадаг.
Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.
29Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна.
Бурхандаа түшиглэн би хана давж чадна.

30Бурханы зам төгс төгөлдөр юм.
ЭЗЭНий үг шалгагдсан.
Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд Тэрээр бамбай юм.
31ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж,
Миний замыг шулуун болгодог.
33Тэр миний хөлийг согооных шиг болгож,
Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.
34Тэр миний гарыг тулалдаанд сургадаг нь
Миний гар хүрэл нумыг хөвчилж чадахын тулд юм.
35Та Өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөд
Таны баруун мутар намайг түшдэг.
Таны дөлгөөн байдал намайг агуу болгодог.
36Та миний алхах замыг өргөсгөдөг,
Тиймээс миний хөл бүдрээгүй.

37Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,
Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.
38Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон.
Тэд миний хөл дор унав.
39Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.
Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.
40Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд
Намайг үзэн ядагчдыг би устгалаа.
41Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,
ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.
42Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.
Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.

43Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.
Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.
Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.
44Тэд сонсонгуутаа намайг дагадаг.
Харь хүмүүс надад захирагддаг.
45Харь хүмүүс сульдан доройтож,
Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.

46ЭЗЭН амьд.
Миний хад магтагдах болтугай.
Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.
47Тэрээр Миний төлөө өшөө авч,
Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.
48Тэр намайг дайснуудаас минь авардаг.
Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм.
Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.
49Тиймээс үндэстнүүдийн дунд би Танд талархаж, ЭЗЭН Таны нэрд би магтаалуудыг дуулна.
50Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч,
Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамд
Мөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.