84 1Өө, Түмэн цэргийн ЭЗЭН,
Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!
2Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг.
Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.
3Миний Хаан ба миний Бурхан,
Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд
Болжмор ч орших газраа,
Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон.
4Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ!
Тэд үргэлж Таныг магтаж байна.
5Хүч нь Таны дотор,
Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!
6Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог.
Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.
7Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн
Хүчээс хүч уруу хүрдэг.

8Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч.
Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач. 9Хараач, бидний бамбай болсон Бурхан,
Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.
10Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм.
Би хорон муугийн майхнуудад оршин суухаас
Өөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.
11Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.
ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.
Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.
12Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!