143 1Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож,
Гуйлтад минь чих тавиач.
Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!
2Өөрийн зарцаа бүү шүүгээч.
Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
3Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ.
Тэр миний амийг газарт нухчжээ.
Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг
Харанхуй газруудад суулгасан.
4Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.
Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.

5Би эртний өдрүүдийг санадаг.
Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.
Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.
6Би Тан уруу гараа сунгадаг.
Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.
7Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.
Надаас нүүрээ бүү нуугаач.
Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.
8Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.
Учир нь би Танд итгэдэг билээ.
Явах замыг минь надад зааж өгөөч.
Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
9Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.
Би Таны дотор хоргодно.

10Та миний Бурхан учраас
Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.
Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.
11Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.
Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.
12Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж,
Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач.
Учир нь би бол Таны зарц билээ.