96 1ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.
Бүх дэлхий ЭЗЭНд дуулагтун.
2ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун.
Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
3Түүний алдрыг үндэстнүүдийн дунд,
Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглагтун.
4ЭЗЭН аугаа их учир эрхэм дээдээр магтагдах юм.
Бүх бурхдаас илүүгээр Түүнээс эмээвэл зохино.
5Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд,
Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн.
6Цог жавхлан ба сүр жавхлан Түүний өмнө,
Хүч чадал ба үзэсгэлэн Түүний ариун газарт байдаг.

7Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн,
ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.
8ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн.
Өргөл авчирч, Түүний өргөөний хашаанд ирэгтүн.
9Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн.
Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.
10Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН захирдаг.
Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй.
Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ” гэж хэл.

11Тэнгэрүүдийг баясгаж, газар дэлхийг баярлуул.
Далай болон түүний доторх бүх юмсыг нүргэлүүл.
12Талбай болон түүний доторх бүх юмсыг баясга.
Тэгээд ойн бүх модод ЭЗЭНий өмнө баясан дуулна.
13Учир нь Тэр ирж байна,
Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөв шударгаар,
Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.