50 1Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж,
Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
2Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос
Бурхан гэрлээ цацруулсан.
3Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.
Түүний урд талд гал шатаж,
Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.
4Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд
Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж
5“Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул.
Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм” гэдэг.
6Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг,
Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.
7“Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно.
Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ.
Би бол Бурхан, чиний Бурхан билээ.
8Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөд
Чиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.
9Би чиний гэрээс залуу бухыг ч,
Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.
10Учир нь ойн амьтан бүр,
Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.
11Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөд
Хээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм.
12Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан.
Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.
13Би бухнуудын махыг идэж,
Хуцнуудын цусыг уух гэж үү?
14Бурханд талархлын өргөлийг өргөж,
Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
15Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.
Би чамайг аврах бөгөөд
Чи Намайг хүндэтгэх болно”.

16Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа
“Миний тогтоолуудыг зарлан,
Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?
17Чи сахилгажуулалтыг үзэн ядаж,
Үгсийг минь үл тоодог.
18Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөд
Чи завхайрагчидтай нэгддэг.
19Чи амаа бузар мууд өгдөг бөгөөд
Чиний хэл заль мэхийг зохиодог.
20Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг.
Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.
21Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан.
Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон.
Би чамайг зэмлэж,
Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.

22Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун,
Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.
23Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг.
Үйлс замналаа засагч хүнд
Би Бурханы авралыг үзүүлнэ.”