Иов төрсөн өдрөө хараав

3 1 Үүний дараа Иов ам нээж, төрсөн

өдрөө хараав. 2 Тэгээд Иов:

 3 —Сөнөг, төрсөн өдөр минь,

“Хүү мэндлэв” гэсэн шөнө ч сөнөг!

4 Харанхуйлаг, тэр өдөр!

Дээр буй Бурхан түүнийг бүү хараг.

Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.

5 Харанхуй ба үхлийн харанхуй

түүнийг залгиг.

Үүл түүнийг бүрхэг.

Өдөр харанхуй болж түгшүүлэг.
6 Түнэр харанхуй тэр шөнийг эзлэг.
Жилийн өдрүүд дунд

тэр өдөр бүү баясаг.
Тэр нь саруудын тоонд ч

бүү орог.
7 Тийм ээ, тэр шөнө үр ч үгүй,
Баярын уухай ч үгүй байг.
8 Левиатаныг сэрээгч, өдрийг

хараагч нар
түүнийг харааг.
9 Үдшийн бүрийд түүний одод

бөхөг.
Хүлээсэн гэрэл нь эс ирэг,
Үүрийн гэгээг эс үзэг.
10 Учир нь эхийн минь хэвлийн

амыг тэр өдөр эс хаажээ,
Эл нүднээс минь

зовлонг үл нуужээ.
11 Төрөхдөө юунд эс үхэв, би
Хэвлийнээс гарахдаа юунд

үл эндэв, би?
12 Тосох өвдгүүд дээр

юунд унав, би
Угжих гэж эхийн хөх

юунд угтав, намайг!
13 Учир нь би анир ч үгүй хэвтээд,
Амран нойрсож байх байсан сан.

14 Нурангийг дахин босгосон
Дэлхийн хаад, зөвлөгч нарын

дунд ч юмуу,
15 Мөнгөөр гэрээ,
Алтаар өөрийгөө дүүргэсэн
Ноёдын дунд ч юмуу

байх байсан сан.
16 Эсвэл би төрөөгүй зулбадас,
Гэрэл үзээгүй нялхсын адил

байх минь ч яалаа.
17 Тэнд гэм буруутнууд эс

түйвээдэг,
Тэнд туйлдаж зүдрэгсэд

амарцгаадаг.
18 Хоригдлууд хамтдаа

тайвныг эдэлж,

Харгалзагчийн хашхирах дууг

тэд үл сонсдог.
19 Тэнд их багагүй байцгааж,
Эзнээсээ боолчууд чөлөөлөгддөг.
20 Гачлант нэгэнд гэрэл,
Гашуудах нэгэнд амь

яагаад өгөгдөө вэ?
21 Тэрээр үхлийг хүсэвч

тэр нь эс ирэх агаад
Нууц эрдэнэсээс илүүгээр

үхлийг хайж ухна.
22 Булш юугаа олвол,

хөөрөн баярлах бус уу?
23 Бурханаар хашигдсан,

замаа эс харах хүмүүнд
Гэрэл юунд өгөгдөө вэ?
24 Гаслаан минь миний

хоол хүнс болов
Ёолоон минь ус мэт асгарав
25 Эмээсэн минь над дээр ирж,
Айсан минь надад тохиов.
26 Би тайвширсангүй,
Би тайтгарсангүй,
Би амарсангүй,
Харин түйвээн нөмрөв.