Иов өмгөөлөлөө дуусгав

29 1 Иов яриагаа үргэлжлүүлэн

хэлэхдээ:
2 —Ай даа, өнгөрөн одсон

сарууд минь байсан ч болоосой
Үнэндээ Бурханаар хамгаалуулсан

тэр л өдрүүдийнх шигээ

байсан ч болоосой.
3 Дэнлүү нь толгой дээр минь

гийж байхад

Тэр гэрлээр нь би түнэр харанхуй

дундуур явдаг байж дээ,
4 Майхан дээр минь Бурханы

андлал оршсон тэр үед
Би оргил үедээ байж дээ.
5 Төгс Хүчит Нэгэн нь

надтай хамт байсан тэр үед
Төрсөн хүүхдүүдээрээ би

хүрээлүүлж байлаа
6 Алхам минь

цөцгийгөөр булхагдаж,
Хад чулуу надад

тос цутгадаг байлаа.
7 Хотын гулдан хаалга уруу

гарч очих тэр үед
Хуран цугладаг талбай дээр

суудлаа эзлэх тэр цагт
8 Өсвөр залуус намайг хараад

нуугддаг байлаа.
Өвгөд нь хүртэл миний өмнө

босоод зогсдог байлаа.
9 Ноёд алгаараа амаа тагласан мэт
үг яриагаа зогсоодог,
10 Дээдсүүд хэлээ

тагнайндаа наалдуулсан мэт
дуугаа хураадаг байлаа.
11 Чих бүр намайг сонсоод

ерөөн ярьдаг байсан
Нүд бүр намайг хараад

магтан гэрчилдэг байсан.
12 Тэр үед, гуйн хашхирсан ядуусыг,
Туслах хүнгүй өнчдийг
Би авардаг байлаа.
13 Тэгээд мөхлийн ирмэгт байгсдын

ерөөл
Надад ирдэг байж дээ.
Бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг

баярлуулан
Би дуулуулдаг байсан.
14 Шударга зөвийг сахин
Түүнийгээ хувцас мэт өмсөж,
Шүүлт нь миний гадуур хувцас,

малгай болж байсан.
15 Хараагүй нэгэнд нь нүд
Хазгар доголонд нь хөл
16 Үгээгүйчүүлд эцэг нь

болж байв, би.
Харийн хүний төлөө

хэргийг нь нягталдаг байлаа.
17 Үл бүтэх нэгний

эрүү амыг хэмхэлж,
Үмхэж зуусан олзыг нь

хураан авч байлаа, би.
18 Тэр үед би “Үүрэндээ би үхнэ,

 Өдрүүдээ би элс мэт олшруулна.
19 Уг үндэс нь минь усанд салбарлаж
Шүүдэр шөнөжин бөнжигнөсөн

мөчрүүд болно.
20 Алдар хүнд минь үргэлжид

шинэчлэгдэн нэмэгдэж
Атган дахь нум минь өдөр бүр

хүчирхэгжинэ” гэж
боддог байж дээ.

21 Тэр үед намайг сонсоод

тэд хүлээцгээдэг байлаа
Тус зөвлөгөөг минь

чимээгүй авдаг байлаа.
22 Үгсийн минь араас тэд

ахин хэлэлцдэггүй,
Үг яриа минь тэдэнд шүүдэр мэт

дусалж байж дээ.
23 Хур бороо хүсэх мэт
намайг тэд хүлээдэг байсан,
хаврын бороо тосох мэт над уруу

амаа ангайлгадаг байлаа.
24 Итгэлээ алдсан үед нь би

инээмсэглэдэг байлаа.
Царайны минь гэрэлд тэд

урамшдаг байлаа.
25 Тэдэнд замыг нь заан сонгож,
Тэргүүнд нь залардаг байхдаа би
Дайчдынхаа дунд заларсан

хаан мэт
Гашуудагсдыг тайтгаруулагч

нэгэн мэт байж дээ.