Иовыг өвчнөөр дайрав

2 1 Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв. 2 ЭЗЭН, Сатанд

 —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан

 —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв. 3 ЭЗЭН, Сатанд

 —Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй ажээ. Шалтгаан үгүй атал түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр чин үнэнчээрээ л байна гэв. 4 Сатан, ЭЗЭНд хариулан

 —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм. 5 Та одоо мутраа сунган, түүний яс маханд хүрэх аваас тэр яах л бол. Таны нүүр уруу лав хараах биз гэв. 6 Тиймээс ЭЗЭН, Сатанд

 —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ түүний аминд л гараа бүү хүргэ гэжээ. 7 Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав. 8 Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авлаа.

 9 Тэгэхэд эхнэр нь түүнд

 —Чи чин үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв. 10 Харин тэрээр түүнд

 —Чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу? гэв. Энэ болсон бүхэнд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

Иовын гурван найз

  11 Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүний гасланг хуваалцаж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ. 12 Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав. 13 Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.