9 Ард түмнийхээ охины

 алагдагсдын төлөө

Өдөр, шөнөгүй би уйлахсан,

Толгой минь ус, нүд минь

 нулимсны ундарга

 байсан ч болоосой!

Би энэ ард түмнээ орхихсон,

тэднээс явахсан.

Цөлд аянчдын хонох газар

надад байсан ч болоосой!

Эд бүгд завхайрагчид агаад

Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай

 чуулаан юм.

“Хэл юугаа тэд нум татах мэт

 хөвчлөөд

Худал хуурмагаар газар нутгаа

 эзлүүлж

Үнэн гэдэг нь огт үгүй болжээ.

Эд ёрын муугаас ёрын муу тийш

 явдаг бөгөөд

Тэд Намайг мэддэггүй” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Хүн бүр хөршөөсөө

 болгоомжилж,

Ямар ч ах дүүд бүү итгэг.

Учир нь ах дүү бүр зальтайгаар

 үйлдэж,

Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

Хүн бүр үнэнийг ярилгүй

хөршөө мэхэлдэг бөгөөд

Худал ярихыг хэлэндээ тэд заасан

 билээ.

Тэд гэм бурууг үйлдэж

өөрсдийгөө ядраадаг.

Та нарын оршин суудаг газар

 худал хуурмагийн дунд юм.

Худалд хуурмаг дотроо тэд

 Намайг мэдэхээс татгалздаг”

 гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Тиймээс түг түмдийн ЭЗЭН

 ийн айлдаж байна.

“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж,

 шалгана.

Ард түмний минь охины улмаас

Би юу хийж чадах билээ?

Тэдний хэл бол үхлийн сум.

Энэ нь заль мэхийг ярьдаг.

Амаараа хэн нэгэн хөршдөө

 амар амгаланг яривч

Дотроо түүнийг отох

 нуувч бэлдэж байдаг.

Эдгээр зүйлийн төлөө Би

 тэднийг шийтгэхгүй гэж үү?

 гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Энэ мэт үндэстнээс Би

Өшөөгөө авахгүй гэж үү?”

10 Би уулсын төлөө уйлаан болон орь

 дууг,

Зэлүүд талын

 бэлчээрүүдийн төлөө

 гашуудлын дууг гаргана.

Учир нь тэд

 хэн ч дамжин өнгөрөхөөргүй

 зэлүүд болсон бөгөөд

Үхэр сүргийн мөөрөх нь ч

 сонсогдохгүй байна.

Тэнгэрийн шувууд,

 араатан амьтдын

Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.

11 Би Иерусалимыг сүйрлийн овоо,

Цөөвөр чононуудын үүр болгоно.

Би Иудагийн хотуудыг

 оршин суугчидгүй

 эзгүйрэл болгоно» хэмээв.

 12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв? 13 ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэдний өмнө Миний тогтоосон хуулийг тэд орхиж, дуу хоолойг минь дагаагүй, түүний дагуу яваагүй. 14 Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүдлэлийг даган Баалуудын араас явсан юм” гэв. 15 Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө. 16 Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.

Ард түмний гашуудал

 17 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав.

“Тунгаан бодож,

 гашуудаж буй эмэгтэйчүүдийг

 ирүүлэхээр дууд.

Орь дуу тавьж буй

 эмэгтэйчүүдийг

 ирүүлэхээр хүн явуул.

18 Тэд яаравчилж, бидний төлөө

 орь дуу тавиг.

Ингэснээр нүд маань

 нулимс дуслуулж,

Зовхи маань усаар дүүрнэ.

19 Учир нь «Бид ямар их сүйрэв!

Бид гутамшиг болов.

Учир нь тэд сууцыг маань

 хаясан тул

 бид нутгийг орхин явжээ»

 гэсэн орь дуу Сионоос

 сонсогдсон билээ.”

20 Эмэгтэйчүүд ээ, одоо

ЭЗЭНий үгийг сонсоцгоож,

Амнаас нь гарах үгийг та нарын

 чих хүлээн аваг.

Охиддоо орилохыг, хөрш бүрд нь

 гашуудлыг заа.

21 Учир нь цонхоор маань дамжиж

 үхэл орж иржээ.

Гудамжнуудаас хүүхдүүдийг,

Хотын талбайнуудаас

 залуучуудыг устгахын тулд

Үхэл орднуудад маань орж иржээ.

22 Яригтун,

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Хүмүүсийн хүүр задгай

 талбайнууд дээр бууц мэт унаж,

Тариа хадагчийн үлдээсэн

 юүж мэт байх боловч

 хэн ч цуглуулахгүй” хэмээв

 гээрэй.

 23 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. 24 Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 25 ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна. 26 Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”