Хуйлмал номыг ЭЗЭНий өргөөнд уншив

36 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж

Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич. 3 Өөр дээр нь авчрах гэж Миний төлөвлөдөг бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ. Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Иеремиа, Барухад тушааж

—Би хориотой. Би ЭЗЭНий өргөөнд орж болохгүй. 6 Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой. Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэгбүр нь муу замаасаа эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур хилэн агуу” гэлээ. 8 Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд ЭЗЭНий үгсийг номоос уншин эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлдэв. 9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав. 10 Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв.

Хуйлмал номыг гүүшийн

танхимд уншив

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгийг номоос сонсоод, 12 тэрээр хааны өргөө уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байв. 13 Барухыг номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгээ Микаиа тэдэнд мэдээлэв. 14 Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв. Тийн Нериагийн хүү Барух хуйлмал номыг гартаа аваад тэдэн дээр ирэв. 15 Тэд түүнд

—Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв. 16 Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биенээ харж, Барухад

—Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв. 17 Тэд Барухаас

—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув. 18 Тэгэхэд Барух тэдэнд

—Тэрээр надад эдгээр бүх үгийг хэлж, би тэднийг номон дээр бэхээр бичив» гэв. 19 Тэгээд түшмэд Барухад

—Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.

Иехоиаким хуйлмал номыг шатаав

20 Ингээд тэд ордон дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгийг хаанд мэдээлэв. 21 Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудийг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэлд уншиж өгөв. 22 Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордондоо есдүгээр сард сууж байлаа. 23 Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв. 24 Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй. 25 Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй. 26 Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.

Иеремиа дахин бичив

27 Тэгтэл, хуйлмал ном болон Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, 28 “Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номд байсан урьдын бүх үгийг түүн дээр бич. 29 Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ номыг “Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг устгаж, хүн ба адгуус амьтныг энд байхгүй болгоно” гэж бичив? гэж хэлэн шатаав.” 30 Тиймээс Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно. 31 Би мөн түүнийг, үр удмыг нь бас зарц нарыг нь тэдний хилэнцийн төлөө шийтгэж, тэдэн дээр болон Иерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр тэдэнд Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Харин тэд сонсоогүй” хэмээв» гэж хэл” гэв. 32 Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.

37

Зедекиагийн хоосон найдвар

1 Вавилоны хаан Небухаднезараас Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болов. 2 Харин тэр ч, зарц нар нь ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй. 3 Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв. 4 Тэд түүнийг хорионы гэрт хийгээгүй байсан учир Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байлаа. 5 Тэгтэл Фараоны цэрэг Египетээс гарчээ. Иерусалимыг бүслэн байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас холдон одов. 6 Тэгтэл эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий үг ирж 7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна. 8 Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.” 9 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар “Халдеичууд биднээс лавтайяа холдоно” гэцгээн өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд холдохгүй. 10 Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ” хэмээв.

Иеремиа хоригдов

11 Ингээд халдеичуудын цэрэг Фараоны цэргээс болж Иерусалимаас холдон одоход, 12 Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд хувиа эзэмшихийн тулд явав. 13 Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр

—Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав. 14 Тэгэхэд Иеремиа

—Худлаа! Би халдеичууд уруу оргоогүй гэв. Харин тэр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа, Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд дээр аваачив. 15 Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв. 16 Тэгээд Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв. 17 Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж

—ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа

—Байна! гээд тэрээр

—Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв. 18 Иеремиа мөн Зедекиа хаанд

—Би таны эсрэг, зарц нарын чинь эсвэл энэ ард түмний чинь эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж та намайг шоронд оруулав? 19 Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна? 20 Тиймээс хаан эзэн минь, сонсогтун. Гуйлтыг минь өмнөө аваач, намайг тэнд үхүүлэхгүйн тулд гүүш Ионатаны гэрт бүү буцаагаач гэж хэлэв. 21 Дараа нь Зедекиа хаан тушаасанд, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр бүр бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлджээ.

38

Иеремиаг нөөцлүүрт хаяв

1 Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхиагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлсэн үгсийг сонсов. Тэрээр 2 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.» 3 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргийн гарт лавтайяа тушаагдаж, тэр үүнийг олзолно» хэмээв” гэжээ. 4 Тэгээд түшмэд хаанд

—Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв. 5 Ингээд Зедекиа хаан

—Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв. 6 Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.

Ебед-мелех Иеремиаг аврав

7 Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв. 8 Ебед-мелех хааны өргөөнөөс гарч, хаантай ярин

— 9 Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав. 10 Тэгтэл хаан, етиоп хүн Ебед-мелехт тушааж

—Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв. 11 Ингээд Ебед-мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав. 12 Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад

—Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв. 13 Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.

Иеремиатай Зедекиа дахин ярилцав

14 Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад

—Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв. 15 Тэгэхэд Иеремиа, Зедекиад

—Хэрэв би чамд мэдүүлбэл, чи намайг лавтайяа алахгүй гэж үү? Би чамд зөвлөгөө өглөө ч чи намайг сонсохгүй гэв. 16 Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан

—Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв. 17 Тэгэхэд Иеремиа, Зедекиад

—Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ. 18 Харин та Вавилоны хааны ахмадууд уруу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэж хэлжээ. 19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад

—Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв. 20 Гэвч Иеремиа

—Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна. 21 Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна. 22 “Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд

«Дотнын найзууд чинь чамайг

уруу татаж, дийлэв.

Хөл чинь шаварт шигдсэн үед тэд

нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ»

гэцгээх болно. 23 Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ. 24 Тэгэхэд Зедекиа, Иеремиад

—Хэн ч энэ үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй. 25 Харин түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам дээр ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо мэдүүл. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл 26 чи тэдэнд “Намайг Ионатаны гэрт, тэнд үхүүлэхээр бүү буцаагаач гэсэн гуйлтаа би хааны өмнө тавьж байсан юм” гэж хэлэх ёстой гэв. 27 Дараа нь бүх түшмэл Иеремиа дээр ирж, түүнийг байцаав. Хааны тушаасан эдгээр үг бүхний дагуу тэдэнд тэрээр мэдүүлжээ. Мөнөөх яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнийг байцаахаа болив. 28 Ингээд Иеремиа, Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Иерусалим эзлэгджээ.

39

Иерусалимын уналт

1 Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Иерусалимын эсрэг ирж, түүнийг бүслэв. 2 Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ. 3 Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд дааман хаалганы дэргэд сууцгаав. 4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав. 5 Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов. 6 Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав. 7 Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ. 8 Халдеичууд мөн хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав. 9 Хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн уруу оргосон хүмүүстэй мөн үлдсэн бусад хүмүүстэй хамт ахлах хамгаалагч Небузарадан, Вавилон уруу цөллөгт аваачив. 10 Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.

Иеремиаг суллав

11 Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа

— 12 Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв. 13 Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн илгээв. 14 Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

15 Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж, 16 “Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно. 17 Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй. 18 Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.

40

Иеремиа захирагч Гедалиа хоёр

1 Иеремиаг ахлах хамгаалагч Небузарадан Рамагаас сулласны дараа түүнд ЭЗЭНээс ирсэн үгс энэ болой. Тэрээр Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим ба Иудагийн бүх цөлөгдөгчийн дунд Иеремиаг гинжээр хүлэгдсэн байхад нь авсан юм. 2 Ахлах хамгаалагч, Иеремиаг аваад, түүнд

—Бурхан ЭЗЭН чинь энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг айлджээ. 3 Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ. 4 Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон уруу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон уруу явахыг муу зүйл гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв. 5 Иеремиаг буцаагүй байхад

—Иудагийн хотуудыг хариуцуулан Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцан явж, түүнтэй хамт ард түмний дунд амьдар. Эсвэл чамд явахад зөв зүйтэй гэж санагдаж буй ямар ч хамаагүй газар уруу яв гэж хэлэв. Ингээд ахлах хамгаалагч түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг суллав. 6 Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.

7 Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод 8 Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв. 9 Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж

—Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно. 10 Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв. 11 Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов. 12 Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав. 13 Тэгтэл Кареагийн хүү Иоханан ба талбай дахь цэргийн бүх удирдагч Гедалиа уруу Мизпад ирж, 14 түүнд

—Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь таны амийг авахуулахаар Нетаниагийн хүү Ишмаелыг илгээснийг та сайн ухаарч байна уу? гэж хэлэв. Ахикамын хүү Гедалиа тэдэнд үл итгэв. 15 Тэгэхэд Кареагийн хүү Иоханан нь Мизпад Гедалиатай нууцаар ярьж

—Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Хэнд ч мэдэгдэхгүй. Тэр юунд таныг алж, ингэснээр тан дээр цугларсан бүх иудейчүүд тархан, Иудагийн үлдэгсэд устах ёстой билээ? гэв. 16 Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд

—Ийм юм бүү хий. Чи Ишмаелын талаар худал хэлж байна гэв.

41

Гедалиагийн эсрэг бослого

1 Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур 2 Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав. 3 Ишмаел бас Гедалиатай хамт Мизпад байсан хамаг иудейчүүдийг мөн тэнд байсан халдеи цэргүүдийг цохив. 4 Гедалиаг алсны дараагийн өдөр, хэнийг ч мэдээгүй байх үед 5 сахлаа хусуулж, хувцсаа хуу татуулан, биеэ гүнзгий зүсүүлсэн наян хүн ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсаар Шехем, Шило ба Самариас ирэв. 6 Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явуут уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад тэдэнд

—Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв. 7 Тэгээд тэднийг хот дотор орж ирсэн тэр даруйд Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт буй эрс тэднийг хядаж, нөөцлүүрт хаяжээ. 8 Харин тэдний дундаас Ишмаелд

—Биднийг бүү алаач. Учир нь бидэнд талбайд нуусан буудай, арвай, тос болон зөгийн балын нөөц бий гэж хэлсэн арван хүн олдов. Тиймээс тэр биеэ барьж, тэднийг ах дүүсийнх нь хамт алсангүй. 9 Гедалиагаас болж цохиж алсан хүмүүсийнхээ бүх хүүрийг Ишмаелын хаясан нөөцлүүр нь Израилийн хаан Баашагийн улмаас Аса хааны хийсэн нөөцлүүр байв. Нетаниагийн хүү Ишмаел түүнийг алагдагсдаар дүүргэжээ. 10 Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав. 11 Харин Нетаниагийн хүү Ишмаелын үйлдсэн бүх муу муухайг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар сонсоод, 12 хамаг эрсээ авч, Нетаниагийн хүү Ишмаелтай тулалдахаар явсан бөгөөд тэд түүнийг Гибеон дахь том цөөрмийн дэргэдээс олов. 13 Кареагийн хүү Иохананыг мөн түүнтэй хамт буй цэргийн дарга нарыг Ишмаелтай хамт байсан хүмүүс харангуутаа баярлацгаав. 14 Ингээд Мизпагаас Ишмаелын олзлон авсан бүх хүн эргээд, буцан ирж, Кареагийн хүү Иоханан уруу очлоо. 15 Харин Нетаниагийн хүү Ишмаел найман хүнтэй хамт Иохананаас зугтаж, Аммоны хөвгүүд уруу явав.

16 Нетаниагийн хүү Ишмаел нь Ахикамын хүү Гедалиаг цохисны дараа түүнээс эргүүлэн авсан хүмүүсийн бүх үлдэгсэд буюу Гибеоноос түүний буцааж авчирсан хүчит дайчин эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тайганууд зэргийг Кареагийн хүү Иоханан ба түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нар Мизпагаас авчрав. 17 Тэд явж, Египет уруу хөдлөхийн тулд Бетлехемийн дэргэдэх Герут Чимхамд буудаллажээ. 18 Уг нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Ахикамын хүү Гедалиаг Нетаниагийн хүү Ишмаел цохисноор тэд халдеичуудаас айх болсон тул тэгжээ.

42

Эс нүүхийг үлдэгсдэд зөвлөв

1 Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, 2 эш үзүүлэгч Иеремиад

—Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. 3 Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. 4 Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд

—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. 5 Тэд Иеремиад

—Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. 6 Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. 7 Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. 8 Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, 9 тэдэнд

—Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 10 “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. 11 Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. 12 Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ. 13 Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сонсохгүйгээр “Бид энэ нутагт амьдрахгүй” гэж хэлсээр, 14 ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл 15 Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд цагаачлахаар шийдвэл, 16 та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ. 17 Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв. 18 Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв. 19 Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн. 20 Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ. 21 Ингээд би та нарт өнөөдөр мэдүүлсэн боловч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүний юун дээр нь ч та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагасангүй. 22 Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.

43

Шүүлтийг сануулав

1 Бурхан ЭЗЭНээс нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц 2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад

—Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй. 3 Харин биднийг халдеичуудын гарт өгөн тэд биднийг алж мөн Вавилон уруу цөлөхийн тулд Нериагийн хүү Барух таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв. 4 Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар мөн хамаг ард түмэн Иудагийн нутагт үлд гэсэн ЭЗЭНий дуу хоолойг эс дагав. 5 Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авсан бөгөөд 6 эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач болон Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барухтай хамт ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн хүн бүр багтжээ. 7 Ингээд тэд Египетийн нутагт орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав. 8 Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 9 “Гартаа том чулуунууд аваад, Иудагийн зарим эрчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгоны зуурмаг шавар дотор нуу. 10 Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ. 11 Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө. 12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно. 13 Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана» гэж хэл” хэмээн айлджээ.

44

Шүтээн дагасан буруутал

1 Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой.

2 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй. 3 Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ. 4 Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн. 5 Гэвч тэд өөр бурхдад утлага шатаах тэрхүү хорон муу явдлаасаа эргэхийн төлөө чих ч тавьсангүй, сонссон ч үгүй. 6 Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон. 7 Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ? 8 Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар? 9 Иудагийн нутагт ба Иерусалимын гудамжнуудад үйлдсэн эцэг өвгөдийнхөө цөвт муу явдлыг, Иудагийн хаад ба эхнэрүүдийнх нь цөвт муу явдлыг бас өөрсдийнхөө мөн эхнэрүүдийнхээ цөвт муу явдлыг та нар мартсан уу? 10 Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй. 11 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн. 12 Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно. 13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ. 14 Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.

15 Эхнэрүүдээ өөр бурхдад утлага уугиулж байсныг нь мэддэг бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египет нутгийн Патрост амьдарч буй бүх ард түмэн, их чуулган Иеремиад хариулан

— 16 ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй! 17 Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй. 18 Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ. 19 Бид заавал тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгана. Бид түүний төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгахдаа нөхрүүдээ оролцуулаагүй гэж чи бодоо юу? гэцгээв. 20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүнд

— 21 Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү? 22 Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон. 23 Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв. 24 Тэгээд Иеремиа бүх ард түмэнд мөн бүх эмэгтэйчүүдэд

—Египет нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. 25 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүд «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргаа бид заавал биелүүлнэ» гээд та нар амаараа ярьж, гараараа биелүүлэв. Явж, тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!” 26 Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун. Египет нутагт амьдарч буй бүх Иудагийхан! “Үзэгтүн, Би аугаа нэрээрээ тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний аманд «Эзэн БУРХАН амьд!» хэмээн нэр минь дахин хэзээ ч дуудагдахгүй. 27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртэлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно. 28 Илднээс зугтагч хүмүүс Египет нутгаас Иудагийн нутагт цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египет нутагт цагаачлахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд нь хэний үг хүчтэйг, Минийх үү эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно. 29 Үгс минь та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 30 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.

45

Барухад илгээсэн үгс

1 Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм. 2 «Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна. 3 Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.» 4 Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ийн айлдав. Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм. 5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

46

Египетийн амсах шүүлт

1 Эш үзүүлэгч Иеремиад үндэстнүүдийн талаар ЭЗЭНээс ирсэн үг. 2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж

3 “Бамбай болон толь бамбайг бэлтгэж,

Тулалдаанд орохоор ойртогтун!

4 Морьдоо тэргэнд хөллөн,

Мориндоо мордож,

Дуулгаа өмсөөд зогс!

Жаднуудаа өнгөлөн, хөө хуягаа өмсөгтүн!

5 Би яагаад харав?

Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж,

Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна.

Тал бүрд түгшүүр байна!” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

6 Хурдан хүн бүү оргог, хүчит хүн ч бүү зугтаг.

Хойд зүгт, Евфрат мөрний дэргэд

Тэд бүдэрч, унасан.

7 Ус нь оволзон давалгаалж буй голууд мэт,

Нил мэт босож буй энэ нь хэн бэ?

8 Египет нь Нил мэт,

Ус нь оволзон давалгаалж буй гол мэт босох юм.

Тэрээр

“Би босож, нутгийг бүрхэнэ.

Би хот болон оршин суугчдыг нь заавал устгана” гэх юм.

9 Хүчит эрс урагш жагсан алхахын тулд,

Морьд оо, өгсөгтүн,

Тэрэгнүүд ээ, та нар галзуу мэт уулгал.

Тэд бамбайнууд авч явдаг Етиоп ба Пут мөн

Нум татдаг, авч явдаг лидичүүд юм.

10 Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах

Өшөө авалтын тэр өдөр

Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ.

Илд залгиж, цадаж,

Тэдний цусыг дүүртлээ ууна.

Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт

Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.

11 Онгон охин Египет ээ,

Гилеад уруу явж, гавар олж ав.

Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав.

Чамд ямар ч эдгэрэл байхгүй.

12 Үндэстнүүд ичгүүрийн чинь талаар сонссон,

Дэлхий орилооноор чинь дүүрэн байна.

Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч,

Тэд хоёул хамтдаа доош унав.

Египетийг Вавилон цохино

13 Египет нутгийг цохихоор Вавилоны хаан Небухаднезарын ирэх тухай эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс айлдсан үг.

14 “Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж,

Мемфис болон Тахпанхест тунхагла.

«Зогсож, өөрийгөө бэлэн байлга.

Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.

15 Хүчит эрчүүд чинь яагаад түрүүлгээ харав?

ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.

16 Тэд дахин дахин бүдэрсэн.

Үнэхээр тэд бие биенийхээ харалдаа унасан.

Тэгээд тэд

«Бос! Дарлагчийн илднээс зайлж,

Хүмүүстээ, төрөлх нутагтаа очицгооё» гэжээ.

17 Тэд тэнд

«Египетийн хаан Фараон чанга шуугиан юм.

Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.

18 Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй

Хаан тунхаглаж байна.

«Би амьд!

Уулсын дундах Табортай адил эсвэл

Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.

19 Тараагдсан Египет охин оо,

Ачаа тээшээ цөллөгт бэлд.

Учир нь Мемфис зэлүүд газар болно.

Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.

20 Египет бол сайхан охин бяруу,

Харин хойд зүгээс шумуул ирж байна,

Энэ нь ирж байна!

21 Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь

бордсон тугалууд мэт.

Учир нь тэд ч хүртэл эргэж,

хамтдаа зугтаасан.

Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг

Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.

22 Дуу чимээ нь могой адил хөдөлж байна.

Учир нь тэд олон цэрэг мэт хөдөлдөг бөгөөд

Түүн дээр сүхтэй мод цавчигчид мэт ирдэг.

23 Тэд ой модыг нь цавчив” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэд царцаанаас ч илүү олон болоод

Тоолшгүй олон боловч

Лавтайяа олдохгүй болно.

24 Хойд зүгийн хүмүүсийн хүчинд тушаагдаж

Египет охин ичгүүрт оржээ” хэмээв.

25 Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна. 26 Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түшмэдийнх нь гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Израилийг Бурхан хамгаална

27 “Харин, зарц Иаков минь чиний тухайд,

Бүү ай! Бүү зүрх алд, Израиль аа!

Учир нь, хараач, Би чамайг холоос,

Үр удмыг чинь тэдний олзлолын нутгаас аврах гэж байна.

Иаков буцан ирж,

Айн цочилгүйгээр амар амгалан,

Аюулгүй байх болно.

28 Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Учир нь Би чамтай хамт.

Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг

Би бүрэн устгана,

Чамайг харин Би бүрэн устгахгүй.

Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд

Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.

47

Филистчүүдийн амсах шүүлт

1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.

2 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, хойд зүгээс ус босож,

Халгисан цутгалан болж,

Газар нутаг, бүх зүйл,

Хот ба түүн дотор амьдрагчдыг

халиах гэж байна.

Хүмүүс хашхирч,

нутгийн оршин суугч бүр уйлах болно.

3 Азаргануудынх нь давхих туурайн чимээ,

Тэрэгнүүдийнх нь тарчигнаан,

дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж

Гарынхаа сул доройн улмаас

Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.

4 Бүх филистчүүдийг устгаж,

Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг

таслах өдөр ирж байна.

Учир нь филистчүүдийг,

Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг

ЭЗЭН устгах гэж байна.

5 Газ нь халзан болов.

Ашкелон сүйрэв.

Тэдний хөндийн үлдэгсэд ээ,

Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?

6 Аяа, ЭЗЭНий илд ээ,

Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ?

Хуйндаа эргэн ор.

Амарч, нам жим бай.

7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад

Тэр яаж дуугүй байж чадах билээ?

Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг

Тэр түүнийг томилсон билээ.”

48

Моабын амсах шүүлт

1 Моабын тухай.

Түг түмдийн ЭЗЭН,

Израилийн Бурхан ийн айлдаж байна.

“Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи.

Кириатаим ичгүүр болж, олзлогдсон.

Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.

2 Моаб дахин магтагдахгүй.

Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн.

«Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!»

Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно.

Чиний араас илд дагах болно.

3 Хоронаимаас гарах хашхирааны дуу

«Сүйрэл, агуу их сүйрэл!»

4 Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав.

5 Учир нь Лухитийн өгсүүрээр

Тэд уйлсаар өгсөнө.

Учир нь Хоронаимын уруудах замд тэд

Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.

6 Зугт, амиа авар, ингэснээр та нар

Цөл дэх арц мод мэт болно.

7 Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан

Итгэл найдвараасаа болж

Чи өөрөө олзлогдох болно.

Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт

цөллөгт явах болно.

8 Хот бүрд устгагч ирэх бөгөөд

Ямар ч хот зугтахгүй.

ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж,

Тэгш тал ч сүйрэх болно.

9 Моабт далавчнуудыг өг.

Учир нь тэрээр зугтаана.

Хотууд нь оршин суугчидгүй

Зэлүүд газар болно.

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.

11 Моаб залуугаасаа л тайван байжээ.

Шавар саван дотроо тэрээр

сандаачуулагдаагүй байв.

Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй,

Цөллөгт ч яваагүй.

Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад

Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй.

12 Тиймээс, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилийн гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.

14 Та нар «Бид хүчирхэг дайчид,

Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж

Яаж хэлж чадна вэ?

15 Моаб устгагдсан бөгөөд

Эрчүүд хотууд уруу нь явжээ.

Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж

Түг түмдийн ЭЗЭН нэртэй

Хаан тунхаглаж байна.

16 “Моабын зовлон удахгүй ирж,

Гай гамшиг нь шаламгайлан яаравчлав.

17 Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн,

Нэрийг нь мэддэг та бүхэн ч

Түүний төлөө гашуудаж,

«Хүчирхэг очирт таяг,

Сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.

18 Дибонд оршин суугч охин оо,

Алдраасаа буун ирж,

Хатаж хагарсан газар дээр суу.

Учир нь Моабыг устгагч нь

Чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.

19 Ароерын оршин суугч аа,

Замын дэргэд зогсож, харуулдсаар бай.

«Юу болсон бэ?» гэж

Оргож буй эрэгтэйгээс, зугтаж буй эмэгтэйгээс асуу.

20 Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.

Уйлан хашхир.

Моаб устгагдсан гэж

Арнон хавиар тунхагла.

21 Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд 22 Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг, 23 Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг, 24 Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв. 25 Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 26 “Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно. 27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

28 Моабын оршин суугчид аа,

Хотуудыг орхиж, хадны дунд амьдар.

Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.

29 Бид Моабын бардам зангийн талаар сонссон.

Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг.

30 Би уур хилэнг нь мэднэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

“Гэвч энэ нь хоосон.

Дэмий сайрхал нь юуг ч бүтээгээгүй.

31 Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно,

Бүх Моабын төлөө Би хашхирах болно.

Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.

32 Иазерын төлөө уйлахаас илүүгээр,

Сибмагийн усан үзэм ээ,

Би чиний төлөө уйлах болно!

Мөчрүүд чинь тэнгис даван сунаж,

Иазерын тэнгист хүрэв.

Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд,

Усан үзмийн ургац дээр чинь буув.

33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу

Моабын нутгаас баяр хөөр, баяр баясгалан зайлуулагдав.

Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо.

Хэн ч хашхиран гишгэлэхгүй,

хашхираан нь ч хашхираан биш байх юм.

34 Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ. 35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд бурхдадаа утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 36 “Тиймээс зүрх сэтгэл минь Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч зүрх сэтгэл минь лимбэ мэт уйлна. Тиймээс түүний олж бүтээсэн баялгийг тэд алдсан. 37 Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна. 38 Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 “Ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс Моаб эргэн тойрон дахь бүхэндээ доог тохуу бас айдас болно” хэмээв.

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж,

Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,

Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх

Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

42 ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул

Тэрээр хүмүүсээс устгагдана.

43 Моабын оршин суугч аа,

Айдас, нүх болон урхи чиний дээр байна” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

44 “Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж,

Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно.

Учир нь Би түүний дээр,

Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

45 “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.

Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд

Сихоны дундаас гарч,

Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.

46 Моаб аа, чи золгүй еэ!

Хемошийн хүмүүс устав.

Учир нь хөвгүүд чинь олзлогдож,

Охид чинь цөлөгдөн явсан.

47 Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд

Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.

49

Аммоны амсах шүүлт

1 Аммоны хөвгүүдийн тухай.

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Израиль ямар ч хөвгүүдгүй юу?

Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу?

Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж,

Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”

2 ЭЗЭН тунхаглаж байна.

“Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг

Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна.

Тэрээр зэлүүд овоо болж,

Хотууд нь галд шатаагдах болно.

Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж

ЭЗЭН айлдаж байна.

3 “Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!

Раббагийн охид оо, хашхирагтун,

Таар бүсэлж гашуудан

Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй.

Учир нь Малкам тахилч нарынхаа хамт,

Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.

4 Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ!

«Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж

Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо,

Хөндий чинь урсаж байна.

5 Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь

Чам дээр айдас авчирна” гэж

Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.

“Та нарын хүн нэгбүр

Түрүүлгээ харж зайлуулагдан

Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.

6 Гэхдээ үүний дараа Би

Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

Едомын амсах шүүлт

7 Едомын талаар.

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?

Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?

Тэдний мэргэн ухаан доройтсон уу?

8 Деданы оршин суугчид аа, зугт,

Буцаж эргэ, гүн газруудад амьдар.

Учир нь Би түүнийг шийтгэх үед

Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.

9 Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол

Тэд үлдэгдэл үлдээх үү?

Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол

Тэд хангалттайгаар сүйтгэх байсан.

10 Харин Би Есавыг нүцгэлсэн

Тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол

Би нууц газруудыг нь сөхсөн.

Үр удмууд нь садан төрөл ба хөршүүдийнхээ хамт

Устгагдаж, тэр үгүй болсон.

11 Өнчрөгсдөө ардаа орхи,

Би амьд үлдээнэ.

Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь

Надад итгэж найдаг” хэмээв.

12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал ууна. Чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно. 13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.

14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд

“Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж,

тулалдахаар босоцгоо!” гэж

Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.

15 “Учир нь, үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн,

Хүн төрөлхтөнд басамжлагдсан нэгэн болгоно.

16 Чамаас айх айдсын тухайд,

Хадны ан цаваар амьдардаг,

Толгодын өндөрлөгийг эзэгнэгч

Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал

Чамайг мэхэлжээ.

Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч,

Би чамайг тэндээс доош унагана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө шогшрох болно. 18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн үеийнх шиг тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж ЭЗЭН айлдаж байна. 19 “Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн Надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв. 20 Тиймээс, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно. 21 Тэдний уналтын чимээнд газар хөдөлнө. Хашхираан нь Улаан тэнгис дээр сонсогдоно. 22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.

Дамаскийн амсах шүүлт

23 Дамаскийн талаар.

“Хамат Арпад нар ичгүүр болов.

Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.

Тэдний зүрх мохов.

Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.

24 Дамаск дорой болжээ.

Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд

Тэвдэлт түүнийг барьж авав.

Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг

Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.

25 Баяр баясгалангийн минь хот,

Магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!

26 Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,

Бүх дайчин тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж

Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.

27 Би Дамаскийн хана хэрмэнд гал тавих бөгөөд

Тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.

Кедар ба Хазорын амсах шүүлт

28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай.

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Босож, Кедар уруу явж,

Дорно зүгийн эрчүүдийг устга.

29 Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна.

Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ,

Бүх ачаагаа болон тэмээнүүдээ

Авч явахдаа тэд нэг нэгэндээ

«Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.

30 Гүй, зугт!

Хазорын оршин суугчид аа,

Гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

“Учир нь Вавилоны хаан Небухаднезар

Та нарын эсрэг төлөвлөгөө зохиож,

Та нарын эсрэг арга сэдлээ.

31 Босож, тайван байгаа,

Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Түүнд ямар ч үүд, хөндөл алга.

Зөвхөн тэд л амьдардаг.

32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл,

Үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд

Санчигаа хусдаг бүх хүнийг

Би бүх салхины зүгт тараана.

Би тал бүрээс тэдэнд гай гамшгийг нь авчрах болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

33 “Хазор цөөвөр чононуудын үүр,

Мөнхийн зэлүүд газар болно.

Хэн ч тэнд амьдрахгүй,

Хүн тэнд оршин суухгүй” хэмээв.

Еламын амсах шүүлт

34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг.

35 “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Үзэгтүн, Би Еламын нумыг

Тэдний хүч чадлын хамгийн сайныг

хугалах гэж байна.

36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас

Дөрвөн салхийг авчирч,

Эдгээр бүх салхинд тэднийг тараана.

Еламын цөлөгдөгсдөөс очихгүй үндэстэн гэж байхгүй болно.

37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө,

Амийг нь эрэгчдийн өмнө нураана.

Би тэдний дээр гай гамшгийг,

Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

«Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.

38 Дараа нь Би сэнтийгээ Еламд засаж,

Тэндээс хааныг болон түшмэдийг устгана» гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

39 «Харин сүүлчийн өдрүүдэд Би

Еламын сайн сайхныг сэргээх болно» хэмээв” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

50

Вавилоны амсах шүүлт

1 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.

2 “Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.

Үүнийг тунхаглаж, туг өргө.

Үүнийг бүү нуу,

«Вавилон олзлогдлоо,

Бел ичгүүр болж,

Мардук эвдэрч нурлаа.

Хөргүүд нь ичгүүр болж,

Шүтээнүүд нь эвдэрчээ”

3 Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!

4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6 Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ.

Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.

Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.

Тэд уулсаас толгод уруу явж,

Амрах газраа мартсан билээ.

7 Тэдэн дээр ирсэн бүхэн

тэднийг залгив.

Тэдний дайснууд

«Бид буруугүй,

Учир нь тэд жинхэнэ Хоньчин,

Эзэний эсрэг,

Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг

Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.

8 Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай. 9 Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно. 10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно.

Түүнийг тоногч бүгд ханах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 “Өв залгамжлалыг минь тоногчид оо,

Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул

Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж,

Азарганууд мэт янцгаадаг тул,

12 Эх чинь ихэд ичиж,

Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.

Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж,

Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.

13 ЭЗЭНий дургүйцлээс болж

Тэрээр оршин суугчтай болохгүй,

Харин бүрэн эзгүйрэх болно.

Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж,

Бүх шархнаас нь болж шогшрох болно.

14 Нумаа татдаг та бүхэн

Вавилоны эсрэг тал бүрд

Тулалдааны шугамаа зурцгаа.

Түүнийг харва,

ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул

Сумаа бүү хямгад.

15 Түүний эсрэг тал бүрд

Тулалдааны хашхираанаа өндөрсгө!

Тэрээр бууж өгч,

Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав.

Энэ бол ЭЗЭНий өшөө авалт.

Түүнээс өшөө ав.

Тэрээр хэрхэн үйлдсэн шиг

Түүнд мөн түүнчлэн үйлд.

16 Вавилоноос тариалагчийг,

Ургац хураах цагт хадуур баригчийг таст.

Хүн нэгбүр нь дарлагчийн илдний өмнөөс

Ард түмэндээ буцаж, нутаг уруугаа зугтах болно.

17 Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ. 18 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хааныг мөн газар нутгийг нь шийтгэх гэж байна. 19 Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно. 20 Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 Мератаим нутгийн эсрэг,

түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.

Тэднийг алж, бүрмөсөн устга” гэж ЭЗЭН айлдаж байна.

“Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.

22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.

23 Бүхий л дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!

Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!

24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд

Өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.

Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа.”

25 ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож,

Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа.

Халдеичуудын нутагт үйлдэх ажил

Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.

26 Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир.

Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.

27 Бүх залуу бухыг нь илдэнд өг.

Тэднийг нядлуулахаар явуул!

Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу

Сүмийнх нь төлөө өшөө авалтыг

Сионд зарлахын тулд Вавилон нутгаас

Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.

29 Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүнийг дууд.

Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга.

Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.

Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.

Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг,

Израилийн Ариун Нэгэний эсрэг давлиун хандсан.

30 Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,

бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31 “Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,

Би чиний эсрэг байна” гэж

Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.

“Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.

32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.

Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”

33 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.

Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.

34 Тэдний Аврагч нь хүчтэй,

Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг.

Тэрээр дэлхийд амралтыг,

Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд

Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35 Халдеичуудын эсрэг,

Вавилоны оршин суугчдын эсрэг,

Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 “Худал зөнч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!

Хүчит эрсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!

37 Морьд ба тэрэгнүүдийнх нь

Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг

Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно!

Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.

38 Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!

Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд

Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.

39 Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.

Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд

Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,

Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40 Бурхан, Содом болон Гоморраг

Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг

Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж

ЭЗЭН айлдаж байна.

41 “Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд

Агуу их үндэстэн болон олон хаад

Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.

42 Тэд нум, жад барьдаг.

Тэд харгис хэрцгий бөгөөд

Ямар ч өршөөл үзүүлдэггүй.

Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.

Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт

Тэд жагсан, морьдоо унадаг.

43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод,

гар нь сул унжина.

Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг

Зовлон шаналан түүнийг зуурч авав.

44 Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв. 45 Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно. 46 Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.

51

1 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, Би Вавилоны эсрэг

Леб-камаин оршин суугчдын эсрэг

Устгагчийн сүнсийг босгох болно.

2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд

Би Вавилон уруу харийнхныг явуулах болно.

Учир нь гай гамшгийнх нь өдөр

Тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

3 Нумаа татдаг нэгэн бүү татаг,

Хөө хуягаа ч өмсөн бүү босож ирэг.

Залуусыг нь бүү амьд үлдээ.

Бүх цэргийг нь устга.

4 Тэд халдеичуудын нутагт алагдаж,

Гудамжнуудад нь нэвт хатгуулж унана” хэмээв.

5 Хэдийгээр тэдний газар нутаг

Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч

Израиль ч бас Иуда ч

Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.

6 Вавилоны дундаас зугт,

Хүн бүр амиа аварцгаа!

Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул

Шийтгэл дотор нь бүү сүйр.

Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.

7 Вавилон нь ЭЗЭНий гарт

Бүх дэлхийг согтоох алтан аяга байв.

Үндэстнүүд дарснаас нь уусан билээ.

Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.

8 Вавилон гэнэтхэн унаж нурав.

Түүний дээр уйл!

Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.

Тэрээр эдгэрч магад.

9 Бид Вавилоныг эдгээх л байсан,

Гэвч тэрээр эдгээгүй.

Түүнийг орхиод,

Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая.

Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч,

үүлст өргөгдөв.

10 ЭЗЭН зөвтгөлийг маань авчрав.

Ирцгээ, Бурхан ЭЗЭНийхээ үйлсийг

Сионд хэлцгээе!

11 Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!

Зорилго нь Вавилоныг устгахаар

Түүний эсрэг байгаа тул

ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.

Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт,

Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.

12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.

Харуулыг бэхжүүлж, манаа тавьж,

Хүмүүсийг отуул!

Учир нь Вавилоны оршин суугчдын талаар

ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.

13 Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа,

Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.

14 Түг түмдийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав.

“Би чамайг дэвхрэг мэт хүмүүсээр лавтайяа дүүргэх бөгөөд

Тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно.

15 Хүч чадлаараа дэлхийг бий болгож,

Мэргэн ухаанаараа ертөнцийг тогтоосон Тэр билээ.

Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.

16 Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд

Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.

Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,

Агуулахуудаасаа салхийг гаргадаг.

17 Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм.

Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй.

Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд

тэдэн дотор амьсгал үгүй.

18 Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.

Шийтгэлийнхээ цагт тэд устана.

19 Иаковын хувь эдгээртэй адил биш.

Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд

Израиль нь Түүний өвийн овог юм.

Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.

Бүтээгчийн зэмсэг Израиль

20 “Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг.

Чамаар Би үндэстнүүдийг нураадаг,

Чамаар Би хаанчлалуудыг устгадаг.

21 Чамаар Би морийг унаачтай нь нураадаг,

Чамаар Би тэргийг хөлөглөгчтэй нь нураадаг,

22 Чамаар Би эрэгтэй, эмэгтэй хүнийг нураадаг,

Чамаар Би хөгшин ба залууг нураадаг,

Чамаар Би залуу хүнийг бас онгон охиныг нураадаг,

23 Чамаар Би хоньчинг хонин сүрэгтэй нь нураадаг,

Чамаар Би тариачинг буулгат үхэртэй нь нураадаг бөгөөд

Чамаар Би захирагч, удирдагчдыг нураадаг.

Вавилоны сүйрэл

24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

25 «Бүхий л дэлхийг устгадаг

Устгагч уул аа, үзэгтүн,

Би чиний эсрэг байна” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Би чиний эсрэг мутраа сунгаж,

Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн

Чамайг шатсан уул болгоно.

26 Тэд чамаас буланд ч, сууринд ч зориулж чулуу авахгүй.

Харин чи мөнхөд зэлүүд хоосон болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

27 Нутагт дохио тэмдэг босгож,

Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ!

Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга,

Түүний эсрэг Арарат, Минни,

Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул.

Түүний эсрэг өрлөг жанжинг томилж,

Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.

28 Түүний эсрэг үндэстнүүдийг,

Медечүүдийн хаадыг,

Тэдний захирагчдыг,

Тэдний удирдагчдыг

Тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.

29 Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна.

Учир нь Вавилоны газар нутгийг

Оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн

Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.

30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж,

Бат цайзууддаа үлдэв.

Тэдний хүч доройтож,

Тэд эм хүн шиг болж байна.

Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж,

Хөндлүүд нь эвдрэв.

31 Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг

Вавилоны хаанд айлтгахаар

Нэг зарлага нөгөөтэй уулзахаар,

Нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.

32 Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд

Тэд намаг балчгуудыг галдан шатаав.

Дайчид айцгаав.

33 Учир нь түг түмдийн ЭЗЭН,

Израилийн Бурхан ингэж айлдаж байна.

“Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил.

Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.

34 “Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан.

Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив.

Тэр намайг мангас мэт залгив.

Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв.

Тэр намайг бөөлжиж гаргав.

35 Надад болон махбодод минь үйлдсэн хүчирхийлэл

Вавилон дээр байх болтугай” гэж

Сионы оршин суугч хэлэх болно.

“Цус минь Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж

Иерусалим хэлэх болно.

36 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж,

Чиний төлөө бүрэн өшөө авна.

Би тэнгисийг нь хатааж,

Оргилох ундаргыг нь хуурай болгоно.

37 Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,

Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.

38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч,

Арслангийн гүег мэт хүрхэрнэ.

39 Тэд халсан хойно

Би тэдний найрыг хийж,

Тэднийг баярлуулан хөөргөж,

Үүрдийн нойроор нойрсуулж,

Сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

40 “Би тэднийг хурга мэт,

Хуц ухна мэт нядалгаанд авчирна.

41 Шешах олзлогдож,

Бүх дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!

Вавилон нь үндэстнүүдийн дунд

Юутай айдас болов оо!

42 Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ.

Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.

43 Хотууд нь айдас болоод

Хатаж хагссан нутаг, цөл

Ямар ч хүн амьдардаггүй,

Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.

44 Би Вавилонд Белийг шийтгэж,

Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана.

Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино.

Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

45 Хүмүүс минь ээ, түүний дундаас гарч ирцгээж,

Хүн нэгбүр чинь ЭЗЭНий ширүүн уураас

Өөрсдийгөө авар.

46 Газар нутагт сонсогдох мэдээнд

Зүрх чинь бүү мохож, бүү айгтун.

Учир нь нэг жил мэдээ ирж,

Үүний дараа жилд ондоо мэдээ,

Удирдагч нь удирдагчийнхаа эсрэг,

Газар нутагт хүчирхийлэл ирнэ.

47 Тиймээс үзэгтүн, Би

Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.

Бүх газар нутаг нь ичгүүр болж,

Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.

48 Тэгэхэд тэнгэр, газар болон

Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр

Баярлан хөөрч хашхирах болно.

Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

49 Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг

Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.

50 Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!

Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,

Иерусалим бодол санаанд чинь орог.

51 Бид жигшүүрт зүйлс сонссон учир

Бид ичиж байна.

Бидний нүүр царай шившигт дарагдав.

Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний

Ариун газруудад оржээ.

52 “Тиймээс, үзэгтүн,

Би шүтээнүүдийг нь шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд

Үхлийн шархтай нэгэн нь

Газар нутаг даяараа ёолох болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

53 “Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч,

Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч

Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

54 Вавилоноос хашхирааны,

Халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!

55 Учир нь Вавилоныг

ЭЗЭН устгах гэж байгаа бөгөөд

Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.

Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.

Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсдоно.

56 Учир нь устгагч нь түүний эсрэг,

Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд

Хүчит эрс нь олзлогдож,

Тэдний нумууд хугалагдах болно.

Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан,

Тэрээр бүрэн хариулна.

57 “Би түүний ноёд, мэргэд,

Түүний захирагчид, удирдагчид

Хүчит эрсийг нь согтооно.

Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж

Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.

58 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж,

Өндөр гулдан хаалганууд нь шатна.

Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж

Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”

Иеремиагийн тушаал

59 Иудагийн хаан Зедекиатай хамт, хаанчлалынх нь дөрөвдүгээр онд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв.) 60 Иймээс Иеремиа нэг хуйлмал номд, Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгийг бичив. 61 Тэгээд Иеремиа, Сераиад

—Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгийг чангаар уншиж, 62 “ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн. 63 Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяж Евфрат мөрний голд шидээд, 64 “Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

52

Иерусалимын сүйрлийн тухай

1 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 2 Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлджээ. 3 Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов. 4 Хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгов. 5 Ийнхүү Зедекиа хааны арван нэгдүгээр он хүртэл хот бүслэлтэд байв. 6 Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ. 7 Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ. 8 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. 9 Тэгээд тэд хааныг олзлоод, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. 10 Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэлийг Риблад хядав. 11 Дараа нь тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлжээ. Вавилоны хаан түүнийг Вавилонд аваачиж, үхлийн өдөр хүртэл нь түүнийг шоронд хийв. 12 Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв. 13 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. 14 Ингээд ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. 15 Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хамгийн ядуу хүмүүс, хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсдыг гарын уртай хүмүүсийн хамт цөллөгт авч явжээ. 16 Ахлах хамгаалагч Небузарадан тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. 17 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. 18 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ. 19 Ахлах хамгаалагч бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явав. 20 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг тэнгис, тэнгисийн доор байсан арван хоёр хүрэл бух болон тавиурууд зэрэг бүх сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байв. 21 Баганануудын хувьд, баганын өндөр нь арван найман тохой бөгөөд тойрог нь арван хоёр тохой, зузаан нь дөрвөн хуруу, хөндий байв. 22 Түүний дээр баганын хүрэл дог байв. Дог бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дог дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн торон сүлжээс ба анар байв. Хоёр дахь багана ч үүний адил мөн анаруудтай байв. 23 Ерэн есөн анар нь харагддаг байлаа. Торон сүлжээсэн дээр тойруулаад бүх анар нь зуу байв. 24 Тэгээд тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. 25 Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 26 Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. 27 Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ. 28 Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долдугаар онд гурван мянга хорин гурван иудейчүүд, 29 Небухаднезарын арван наймдугаар онд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн, 30 Небухаднезарын хорин гуравдугаар онд ахлах хамгаалагч Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.

Иехоиахин чөлөөлөгдөв

31 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав. 32 Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавив. 33 Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов. 34 Вавилоны хаанаас түүнд үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.