Иудагийн нүгэл ба шийтгэл

17 Иудагийн нүгэл төмөр үзгээр

 бичигджээ.

Тэр нь очир алмаасны үзүүрээр

Тэдний зүрхний самбар болон

 тахилын ширээний

 эвэр дээр сийлэгджээ.

Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа

Өндөр толгод дээр

 ногоон моддын дэргэдэх

 тахилын ширээнүүдээ,

Ашерагийн модон шонгоо

 мөн дурсан санадаг.

Хөдөө тал дахь уул минь ээ,

Чиний хязгаар нутаг дахь

 нүглийн улмаас

Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь

 хамт

Эд баялаг болон

 бүх эрдэнийг чинь

 Би олзонд хаяж өгнө.

Мөн чи өөрөө ч

 Миний чамд өгсөн өвийг

 гээнэ.

Би чамайг

 чиний мэддэггүй нутагт

 дайснуудад чинь үйлчлүүлнэ.

Учир нь чи уур хилэнд минь

 үүрд шатах галыг ноцоов.

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд,

Хүч чадал нь бие махбод уруугаа,

Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн

 нэгэн нь хараалтай яа.

Тэрээр цөл дэх бут мэт,

Хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,

Харин оршин суугчгүй

 давст нутагт буюу

 зэлүүд нутагт,

 чулуурхаг газарт амьдарна.

7 Харин ЭЗЭНд итгэдэг,

ЭЗЭН итгэл найдвар нь байдаг

 хүн ерөөлтэй еэ!

Учир нь тэрээр усны дэргэд

 таригдсан мод мэт

Усан урсгалаар үндсээ өргөсгөж,

Халуун шатахад айхгүй

Харин навчис нь ногоон.

Ган гачгийн жилд тэр түгшихгүй,

Үр жимс гаргахаа ч зогсохгүй.

9 Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч,

 эдгэршгүй өвчтэй.

Хэн үүнийг ойлгож чадах билээ?

10 ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,

Цээж дотрыг шалгадаг нь

Хүн бүрд замуудынх нь дагуу,

Үйлсийнх нь үр дүнгийн дагуу

өгөхийн тулд юм.

11 Шударга бусаар эд хөрөнгөтэй

  бологч нь

Гаргаагүй байж өндөг дардаг

 ятуутай адил.

Хижээл насанд нь энэ нь

 түүнийг орхиж,

Эцэст нь тэр мунхаг болно”

12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн

Сүр жавхлант сэнтий!

Ариун газраас маань гэрэлтээч.

13 Израилийн найдвар ЭЗЭН,

Таныг орхигч бүгд

 ичгүүрт унах болно.

ЭЗЭН болох амьд усны ундаргыг

 орхисон тул

Эргэн буцагч хүмүүс

 доод ертөнцөд бичигдэх болно.

Иеремиагийн залбирал

14 Намайг эдгээгээч,

Аяа ЭЗЭН, би эдгэх болно.

Намайг авраач, би аврагдах болно.

Учир нь Та миний магтаал.

15 Хараач, тэд надад

“ЭЗЭНий үг хаана байна?

Тэр нь одоо ирэг!”

 гэж хэлсээр байна.

16 Харин миний хувьд,

Таны араас хоньчин болохоос

 би зугтаагүй,

Гаслант өдрийг ч би

 хүсэн хүлээгээгүй.

Уруулаас минь гарсан зүйл

 Таны өмнө байсныг

Та Өөрөө мэднэ.

17 Надад айдас бүү болооч.

Зовлонгийн өдөр Та миний

 хоргодох газар юм.

18 Намайг хавчигч хүмүүсийг

 шившиг болгооч.

Харин миний тухайд намайг бүү

 шившиг болгооч.

Тэднийг айлгаач, харин намайг

 бүү айлгаач.

Тэдэн дээр зовлонгийн өдрийг

 авчирч,

Тэднийг хоёр дахин

 сүйрлээр бяцлаач.

Амралтын өдрийг сахь

 19 ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн гулдан хаалган дээр мөн Иерусалимын бүх гулдан хаалган дээр зогс. 20 Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугч аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. 21 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс эсвэл Иерусалимын гулдан хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил. 22 Та нар Амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий. Харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу Амралтын өдрийг ариунаар сахь. 23 Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй бас зөвийг авахгүйн тулд хөшүүн хүзүүлэв.” 24 ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв Амралтын өдөр энэ хотын гулдан хаалгаар ямар ч ачаа зөөж оруулалгүй харин энэ өдөр ямар ч ажил хийлгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсох юм бол 25 энэ хотын гулдан хаалгаар хаад, Давидын сэнтийд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай болно. 26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамин нутгаас, нам дор газраас, уулархаг газраас мөн Негевээс ирэх болно. 27 Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана.»”