Иеремиагийн гомдол

12 Хэргээ мэдүүлэхэд ямагт

 шударга байдаг ЭЗЭН минь.

Тантай шударга ёсны хэргүүдийн

 талаар ярих зүйл байна.

Буруутуудын зам яагаад

 цэцэглэсэн юм бэ?

Итгэлгүй хүмүүс яагаад

 амар тайван байна вэ?

Та тэднийг суулган тарьж,

 тэд мөн үндэслэжээ.

Тэд ургаж, үр жимс ч хүртэл

 гаргажээ.

Та тэдний уруулд ойр боловч

Тэдний цээж дотроос хол билээ.

ЭЗЭН, Та намайг мэддэг

 мөн хардаг төдийгүй,

Тан уруу хандах зүрхийг минь

 шалгадаг билээ.

Иймд нядалгааны хоньд мэт

 тэднийг чирч,

Үй олноор нь нядлах

 өдөрт зориулан

 тэднийг тусгаарлаач!

Энэ газар хэдий болтол гашуудаж,

Хөдөө талын ургамал

 хатаж гандах юм бэ?

Энд оршин сууж буй хүмүүсийн

 хорон муугийн учир

Амьтад ба шувууд устгагдсан

 билээ.

Учир нь тэд “Тэр бидний

 төгсгөлийг харахгүй”

 гэцгээсэн.

Бурханы хариулт

 “Явганыг дагаж гүйгээд ядарлаа

 гэвэл

Чи, морьтонтой

 хэрхэн уралдах болж байна?

Амгалангийн газар унаж тусаж

 байвал

Иорданы шугуйд чи яах билээ?

Учир нь ах дүүс чинь болон

 эцгийн гэрийнхэн чинь,

Тэд ч хүртэл чамд итгэлгүй

 хандаж,

Тэд ч хүртэл чиний араас

 чанга хашхирцгаасан.

Хэдийгээр тэд чамд сайхан үгс

 хэлэх боловч

 тэдэнд бүү итгэ.”

“Би гэрээ орхиж, өв юугаа хаяв.

Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.

Миний өв Надад

 ой доторх арслан мэт болов.

Тэр Над уруу архирав.

Тиймээс Би түүнийг үзэн ядахад

 хүрэв.

Миний өв Надад толбот шувуу

 адил юм уу?

Махчин шувууд түүний эсрэг

тал бүрд байна уу?

Явж, талын бүх араатан амьтныг

 цуглуулж,

Тэднийг залгиулуулахаар авчир!

10 Усан үзмийн талбайг минь

Олон хоньчин сүйтгэж,

Тариалангийн талбайг минь талхлав.

Тааламжит талбайг минь тэд

Эзгүй цөл болгов.

11 Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн

Миний өмнө гашуудаж байна.

Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул

Бүхий л газар нутаг зэлүүд болов.

12 Цөл дэх бүх

 нүцгэн дов толгой дээр

 сүйтгэгчид ирцгээв.

Учир нь ЭЗЭНий илд газар

 нутгийн нэг захаас

Нөгөөг хүртэл залгиж байна.

Хэнд ч амар амгалан байсангүй.

13 Тэд буудай тариад,

 өргөст ургамал хурааж авав.

Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй

 зүйлд ядраав.

Харин ЭЗЭНий ширүүн уур

 хилэнгийн улмаас

ургацаасаа ичигтүн.

 14 Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна. 15 Би үндсээр нь тастсаны дараа тэднийг дахин энэрнэ. Буцаагаад хүн нэгбүрийг өвд нь, нутагт нь Би авчирна. 16 Тэгээд хүмүүст минь Баалаар тангараглахыг заадаг байсан шиг тэд өдгөө «ЭЗЭН амьд!» гэж нэрээр минь тангараглаж бас хүмүүсийн минь замыг хичээнгүйлэн сурвал Миний хүмүүсийн дунд тэд босгогдоно. 17 Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.