ЭЗЭНий шийтгэлийг

 Иеремиа тунхаглав

 7 Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь “ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. «Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ. Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл, та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана. Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, 10 дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү? 11 Нэрээр минь нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 “Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар. 13 Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, “Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул, 14 та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ. 15 Та нарын бүх ах дүү, Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг мэлмийнээсээ гарган хаяна.

Хүмүүсийн дуулгаваргүй байдал

 16 Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй. 17 Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийгдэж байгааг чи харахгүй байна уу? 18 Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг. 19 Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?” 20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.” 21 Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид. 22 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй эсвэл тушаагаагүй. 23 Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар хүмүүс минь болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэсэн. 24 Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав. 25 Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ. 26 Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ. 27 Чи эдгээр бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй. 28 Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

29 Үсээ тайрч хаяад,

Нүцгэн дов толгод дээр гашууд.

Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг

ЭЗЭН голж, орхисон.”

30 “Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. 31 Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү? 32 Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет эсвэл Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 “Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй. 34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”