Шийтгэлийн дараах эдгэрэл

33 Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдож байх үед ЭЗЭНий үг түүнд хоёр дахь удаагаа ирж “Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэрийг нь ЭЗЭН гэдэг. «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина» хэмээв. Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр тэднийг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ. Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэл, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ. Би Иуда болон Израилийн сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно. Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн тэдний бүх хилэнцээс Би тэднийг цэвэрлэж, Миний эсрэг нүгэл үйлдэж, тэрсэлсэн тэдний бүх хилэнцийг Би өршөөнө. Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв. 10 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад 11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу

“Түг түмдийн ЭЗЭНд

 талархлыг өргөгтүн.

Тэрээр сайн сайхан бөгөөд

Түүний хайр энэрэл мөнхийнх”

гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна. 12 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болоод бүх хотод нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно. 13 Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Иерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.

Зөвт Мөчир ба Давидын гэрээ

 14 «Үзэгтүн, Израилийн гэр ба Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно. 16 Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв. 17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй. 18 Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэжээ. 19 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 20 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал 21 зарц Давидтай минь байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгч Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна. 22 Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ. 23 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 24 “Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив. 25 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнөд зориулсан гэрээ минь байхгүй, тэнгэр ба газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол, 26 тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.