Цөлөгдөгсдөд илгээсэн захидал

29 Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Небухаднезарын авч явсан бүх хүнд эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм. (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.) Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар Иудагийн хаан Зедекиагаас Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарт илгээж “Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгчдөд ингэж айлдаж байна. «Байшин бариад амьдар. Цэцэрлэг тариалж, бүтээгдэхүүнийг нь ид. Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр. Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.» Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа танай эш үзүүлэгчид ба төлгөчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс. Тэд нэрээр минь та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 10 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ. 11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 «Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. 13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. 14 Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»

 15 Та нар «Бидний төлөө ЭЗЭН, эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас 16 Давидын сэнтийд суудаг хаан ба энэ хотод амьдардаг бүх хүн бас та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж хэлж байна. 17 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн бас тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохооргүй болсон инжиртэй адил болгоно. 18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно. 19 Учир нь тэд миний үгсийг тоогоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. «Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. 20 Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгч та нар ЭЗЭНий үгийг сонсогтун. 21 Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно. 22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгч харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хааны галд шарагдсан Зедекиа болон Ахабтай адил болгог. 23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.”

Шемаиагийн захидал

 24 Нехелам хүн Шемаиад чи ярь. 25 Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж 26 “ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв. 27 Гэтэл чи яагаад чамд эш үзүүлэгч болж аашилдаг анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ? 28 Учир нь тэрээр Вавилон уруу бидэнд «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, цэцэрлэгүүд тарьж, гарсныг нь ид» хэмээн илгээв” гэсэн байна» гэв.

 29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиагийн сонорт уншив. 30 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж 31 “Бүх цөлөгдөгсдөд үг илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. Би түүнийг илгээгээгүй атал Шемаиа та нарт эш үзүүлэн та нарыг худалд итгүүлсэн тул, 32 ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би нехелам хүн Шемаиаг болон үр удмыг нь шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон гэж хэл” хэмээн айлдлаа.