Иерусалимыг Небухаднезар

унагаана

21 ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн “Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв. 3 Тэгтэл Иеремиа тэдэнд “Та нар Зедекиад ингэж хэлтүгэй. «Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно. Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан хилэгнэж дургүйцэн тулалдана. Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ. Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.»” 8 Та нар мөн энэ ард түмэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тавьдаг. Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө. 10 Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэр үүнийг галдан шатаана» хэмээв.”

Давидын гэрт хүргэх үгс

 11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд: “ЭЗЭНий үгийг сонсогтун, 12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Өглөө бүр шударга ёсыг үйлд,

Үйлсийн чинь муугаас болж

Уур хилэн минь гал мэт гарч,

Юу ч унтрааж чадахгүйгээр

 шатахгүйн тулд

Дээрэмдүүлсэн нэгнийг

 дарангуйлагчийн гараас

 авар!»

13 ЭЗЭН тунхаглаж байна.

«Үзэгтүн, хөндий талын цохионд

 суугч аа,

Би та нарын эсрэг байна.

“Хэн бидний эсрэг

 бууж ирэх юм бэ?

Хэн сууцанд маань орж ирэх

 юм бэ?” гэж хэлэгч нар аа,

14 Би та нарыг үйлсийн чинь

 үр жимсний дагуу шийтгэнэ»

 гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

«Бүх орчин тойрныг нь

 залгиулахын тулд

Би ойд нь гал асаана» хэмээв” гэж

 хэл гэв.