Халдлагын занал, жихүүцэл

6 Бениамины хөвгүүд ээ,

Аюулгүй байхын тулд

 Иерусалимын дундаас зугт.

Текоад бүрээ үлээж,

Бет-хакеремын дээгүүр

 дохио өргө.

Учир нь муу юм, агуу сүйрэл

 хойд зүгээс харагдаж байна.

Дур булаам, хөөрхөн нэгэн болох

Сион охиныг Би устгах болно.

Хоньчид болон хонин сүргүүд нь

 түүн дээр ирж,

Эргэн тойронд нь

 майхнууд босгож,

Өөр өөрсдийн газарт бэлчинэ.

Түүний эсрэг дайнд бэлтгэ.

Босоцгоо, жин үдэд довтолцгооё.

Золгүй еэ!

Өдөр дуусаж, үдшийн сүүдэр

 уртсаж байна!

Босоцгоо, шөнөөр довтолж,

ордонг нь сүйтгэцгээе!

Учир нь түг түмдийн ЭЗЭН

Ийн айлдаж байна.

“Моддыг нь огтолж,

 Иерусалимыг бүсэл.

Зөвхөн дарлалаас өөр зүйлгүй

 энэ хот шийтгэгдэх ёстой.

Худаг усаа хүн

 цэвэр байлгадаг шиг л

Хорон муу явдлаа тэд

 шинэхэн байлгадаг.

Хүчирхийлэл болон сүйрэл

хот дотор нь сонсогддог.

Өвчин болон шархнууд ч

Миний өмнө илхэн.

Иерусалим аа, сэрэмжтэй бай,

Эс тэгвэл Би чамаас хөндийрөн,

Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”

Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж

 байна.

“Тэд Израилийн үлдэгсдийг

Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно.

Усан үзэм түүгч мэт

Гараа мөчрүүдийн дээгүүр

 дахин шувтарна.”

10 Сонсгохын тулд би хэнд хэлж,

сануулга өгөх юм бэ?

Үзэгтүн, тэдний чих

 битүү хэвээр бөгөөд

 тэд сонсож чадахгүй.

Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов.

Тэд түүнийг таашаасангүй.

11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр

 дүүрч,

Үүнийгээ барьсаар сульдаж байна.

“Гудамжин дахь хүүхдүүд дээр,

 залуусын чуулалдаан дээр

 асга.

Учир нь, настай ба хөгшин,

Эхнэр ба нөхөр

Аль аль нь авагдах болно.

12 Тэдний гэрүүд мөн талбайнууд

Эхнэрүүд нь ч бас хамтдаа

 бусдад очно.

Учир нь Би энэ газрын оршин

 суугчдын эсрэг

 мутраа сунгана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

13 “Учир нь тэд багаасаа том хүртэл

Бүгд ашиг олох гэж шунадаг

 бөгөөд

Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл

хүн бүр хуурамч байна.

14 Тэд амар амгалан нь үгүй атал,

“Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн

Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.

15 Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж

 тэд ичсэн үү?

Огт ичээгүйгээр барахгүй

Ичиж улайхыг ч хүртэл

 эс мэдэх ажээ.

Тиймээс тэд унагсдын дунд унана.

Би тэднийг шийтгэх үед

 тэд хаягдах болно” гэж

ЭЗЭН айлдаж байна.

16 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Замууд дээр зогсож, хар.

Сайн замтай эртний жимийг

 асууж, түүгээр алх.

Та нар сэтгэлдээ амралтыг олох

 болно.

Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.

17 Би та нарын дээр харуул тавьж,

 “Бүрээн дууг сонс” гэв.

Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.

18 Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.

Тэдний дунд юу байгааг мэдэгтүн,

 хотол түмэн!

19 Газар дэлхий, сонсогтун.

Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр

 гай гамшгийг буюу

Төлөвлөгөөнийх нь үр дүнг

 авчирч байна.

Учир нь тэд үгсийг минь

 сонсоогүй бөгөөд

Хуулийг минь ч бас

 эсэргүүцсэн билээ.

20 Над уруу Шебагаас гүгэл,

Алс холын нутгаас

 чихэрлэг нишингэ

 ямар зорилгоор ирдэг вэ?

Шатаалт тахилууд чинь

 хүлээн зөвшөөрөгдмөөргүй

 агаад

Өргөлүүд чинь Надад

 тааламжтай бус байна.

21 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө

Бүдрүүлэх чулуу тавьж байна.

Тэгээд тэд буюу эцгүүд

 хүүхдүүдтэй хамтдаа

 түүнд бүдэрнэ.

Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”

22 ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, умард нутгаас хүмүүс

 ирж байгаа бөгөөд

Нэгэн агуу том үндэстэн

 дэлхийн алслагдсан

 хэсгүүдээс

босож ирэх болно.

23 Тэд нум, жад агсах агаад

Хэрцгий бөгөөд өршөөлгүй.

Тэдний дуу хоолой

 тэнгис мэт түрхэрмүй.

Сион охин оо, чиний эсрэг

 дайтахаар жагссан эрс мэт

тэд морьдоо унадаг.

24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ.

Бидний гар сул дорой байна.

Бид зовлон шаналанд буюу

Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.

25 Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв.

Учир нь дайсанд илд байгаа бөгөөд

Тал бүрд түгшүүр байна.

26 Ард түмний минь охин чи

Таар өмсөж, үнсэн дотор өнхөр.

Ганц хүүгийнхээ төлөө мэт

 хамгийн гашуунаар гашууд.

Учир нь сүйтгэгч бидэн дээр

 гэнэт ирнэ.

27 Би чамайг ард түмнийхээ дунд

Шинжээч болон хянагч болгосон

 нь

Чи тэдний замыг мэдэж

 шинжихийн тулд юм.”

28 Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг

 гөжүүдлэн эсэргүүцэгчид.

Энгийн нэг хүрэл ба төмөр.

Тэд бүгдээрээ завхарсан.

29 Тулман хөөрөг ширүүнээр үлээж

Хар тугалга галд залгиулдаг.

Гэтэл дэмий хоосон

 цэвэршүүлэлт хийжээ,

Муу хүмүүс зайлуулагдсангүй.

30 ЭЗЭН, тэднийг голсон тул

Тэд гологдсон мөнгө гэгдэв.