Бүслэлтийн үеэр Иеремиа

талбай худалдаж авав

32 Иудагийн хаан Зедекиагийн аравдугаар онд буюу Небухаднезарын наймдугаар онд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв. Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв. Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд

—Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна. Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана. Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна гэж хэлнэ вэ?” гэжээ. Иеремиа

—ЭЗЭНий үг надад ирж, “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж хэлнэ” гэсэн. Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв. Би Анатот дахь талбайг авга ахынхаа хүү Ханамелаас худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв. 10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгөв. 11 Тэгээд худалдан авсан юмны баримтыг, нөхцөл болзолтой битүүмжлэгдсэн хувь мөн битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь би авав. 12 Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв. 13 Тэдний өмнө би Барухад тушаан 14 “Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв. 15 Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.

Иеремиагийн залбирал

 16 Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан. 17 “Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. 18 Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. 19 Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ. 20 Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ. 21 Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч, 22 Эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү, зөгийн балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ. 23 Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ. 24 Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ. 25 Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.

Ард түмэн эргэж ирэх тухай

 26 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 27 “Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?” 28 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно. 29 Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно. 30 Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ мэлмийд минь зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна. 32 Учир нь Израилийн хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм. 33 Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв. 34 Харин тэд нэрээр минь дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор жигшүүрт зүйлсээ тавьдаг. 35 Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй. 36 Тиймээс одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Илд, өлсгөлөн ба тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна. 37 Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна. 38 Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. 39 Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө. 40 Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ. 41 Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана. 42 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх үлэмж гамшгийг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныгаа бас Би тэдэн дээр авчрах гэж байна. 43 “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж чиний хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. 44 Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.