36

1 Ариун газрын үйлчлэлийн бүх төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб, мөн ур авьяаст хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэхээр болов. Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭН зүрхэнд нь мэргэн ухаан өгсөн хүн болгоныг буюу зүрх нь хөдөлсөн бүхнийг урлал хийхээр ир хэмээн Мосе дуудав. Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. Ариун газрын бүх ажлыг хийж байсан урчууд бүгд тусбүр хийж байсан ажлаасаа ирцгээж, Мосетэй ярин

—Хийгтүн гэж ЭЗЭНий тушаасан ажил үйлчлэлд хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв. Тиймээс Мосе тушаасан ба хуаран даяар

—Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт юу ч бүү хийтүгэй гэж тунхаглав. Ийнхүү ард түмний авчрахыг нь болиулав. Учир нь тэдэнд байсан зүйлс нь хүрэлцээтэй бөгөөд бүх ажлыг дуусгахад хангалттай илүү байв.

Асрыг барьсан нь
(Гэт 26:1–37)

Асрын ажлыг гүйцэтгэж байсан бүгдийн дундаас ур авьяаст хүмүүс нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийв. Үүн дээр тэрээр уран хийц болох херубуудыг хийжээ. Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байв. 10 Тэр таван бүрээсийг хооронд нь холбоод, нөгөө тавыг нь хооронд нь холбов. 11 Тэрээр холбогдсон эхний хэсгийн бүрээсний ирмэгт хөх өнгийн гогцоо хийж, нөгөө хэсгийн бүрээсний ирмэгт тэр мөн түүнчлэн хийлээ. 12 Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн нөгөө бүрээсний захад мөн тавин гогцоо хийв. Гогцоонууд нь нэг нэгнийхээ харалдаа байв. 13 Тэгээд тэр тавин алтан дэгээ хийж, уг дэгээнүүдээр бүрээснүүдийг хооронд нь холбов. Ингэснээр асар нь нэг болов.

14 Мөн тэрээр ямааны хялгасаар асрын дээгүүр бүтээх майхны бүрээснүүд хийв. Тэрээр арван нэгэн бүрээс хийжээ. 15 Бүрээс бүрийн урт нь гучин тохой бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой байсан бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байв. 16 Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов. 17 Тэрээр эхний хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо хийв. 18 Тэрээр тавин хүрэл дэгээ хийж, дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болгов.

19 Улаанаар будсан хуцын арьсаар асрын бүтээлгийг тэрээр хийв. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.

20 Тэгээд тэрээр асарт зориулан дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. 21 Дүнз бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас байв. 22 Дүнз бүрд хооронд нь холбосон нэг нь нөгөөгийнхөө харалдаа хоёр углуурга байсан агаад асрын бүх дүнзийг тэрээр тийнхүү хийв. 23 Тэрээр асарт зориулж өмнө зүгт, асрын баруун талд нь хорин дүнзийг хийв. 24 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг хийв. 25 Тэгээд асрын нөгөө тал буюу хойд зүгт нь тэр хорин дүнзийг 26 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур хийв. 27 Асрын ар талд нь буюу баруун зүгт зориулан тэрээр зургаан дүнз хийжээ. 28 Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. 29 Тэдгээр нь доогуураа салангид боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон бөгөөд тэрээр хоёр буланд зориулан хоёр дүнзийг ийнхүү хийв. 30 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байсан ба дүнз бүрийн доор хоёр углуур байв. 31 Дараа нь тэр хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл хийж 32 асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл мөн баруун зүгт буюу асрын ар талд зориулан таван хөндлийг хийв. 33 Тэр дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндөл хийв.

34 Тэгээд тэр дүнзнүүдийг алтаар бүрээд, хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэв.

35 Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв. 36 Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд алтаар бүржээ. Дэгээнүүд нь алтан байв. Баганануудад зориулан тэрээр дөрвөн мөнгөн углуурыг цутгав.

37 Тэр асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийв. 38 Мөн таван баганыг нь гадаснуудтай нь хамт хийж, тэдгээрийн орой болон холбоосуудыг нь алтаар бүрсэн агаад таван углуурыг хүрлээр хийжээ.