Нөхөн төлбөрийн хууль

22
1 Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө. 2 Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвээс түүний төлөө цусан өшөө байхгүй. 3 Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө өөрийг нь худалдах ёстой. 4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой. 5 Хэрэв хүн тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой. 6 Хэрэв гал гарч, сундуу бутанд авалцаж, хураасан тариа эсвэл хадаагүй тариа эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой. 7 Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой. 8 Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой. 9 Үхэр, илжиг, хонь, хувцас хунар эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө. 10 Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас 11 хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авах бөгөөд нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй. 12 Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой. 13 Хэрэв уг мал нь сэгчүүлж тасчуулсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тасчуулсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй. 14 Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой. 15 Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс түүний үнэ нь болно.

Нийгэм шашны хууль

16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой. 17 Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал тэр онгон бүсгүйн инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой. 18 Удганыг бүү амьд байлга. 19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой. 20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой. 21 Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан. 22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо. 23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг лавтай сонсож, 24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр хороож, эхнэрүүд чинь бэлэвсэн, хүүхдүүд чинь өнчин болно. 25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард. 26 Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг. 27 Учир нь түүний цорын ганц бүтээлэг, биеийнх нь хувцас тэр билээ. Тэр хүн өөр юу нөмөрч хэвтэх вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ. 28 Чи Бурханыг бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа. 29 Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой. 30 Чи үхэр ба хоньдынхоо тухайд ч бас ингэ. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг. 31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.