Тэнгэрээс буусан манна

16
1 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. 2 Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов. 3 Израилийн хөвгүүд тэдэнд

—Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. 4 ЭЗЭН, Мосед

—Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. 5 Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв. 6 Мосе Аарон нар Израилийн хөвгүүдэд

—ЭЗЭН та нарыг Египет газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно. 7 Та нар ЭЗЭНий цог жавхланг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гонгинооныг ЭЗЭН сонссон. Бид хэн болоод та нар бидний эсрэг гонгинолдоод байгаа юм бэ? гэв. 8 Мосе

—ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг та нарын гонгинон гомдоллохыг ЭЗЭН сонссон. Бид юу юм бэ? Гонгиноон чинь бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв. 9 Мосе, Ааронд

—“ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр гомдол гонгинооныг чинь сонссон” хэмээн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэл гэв. 10 Аарон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд хэлэхэд тэд цөл уруу хартал, ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв. 11 ЭЗЭН, Мосед

12 Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв. 13 Орой болоход бөднө шувууд нисэж ирээд хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв. 14 Шүүдэр арилахад, үзэгтүн, цөлийн гадаргуу дээр бөөрөнхий, хяруу шиг жижигхэн юм газарт байв. 15 Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биенээсээ

—Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд

—Энэ нь та нарт идүүлэхээр ЭЗЭНий өгсөн талх юм. 16 ЭЗЭН “Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун” гэж тушаасан гэв. 17 Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав. 18 Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасанд нь илүү гарсангүй, бага хураасанд нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ. 19 Мосе тэдэнд

—Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэллээ. 20 Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрчээ. Мосе тэдэнд уурлав. 21 Тэд өглөө бүр, хүн бүхэн идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад тэр нь хайлдаг байлаа. 22 Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Хотол түмний бүх удирдагч ирж Мосед мэдүүлэхэд 23 тэр тэдэнд

—ЭЗЭН ингэж айлдсан. “Маргааш амрах өдөр, ЭЗЭНий ариун Амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал” гэж хэлэв. 24 Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд тэр нь өмхийрч өтсөнгүй. 25 Мосе

—Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр ЭЗЭНий Амралтын өдөр. Өнөөдөр та нар үүнийг газраас олохгүй. 26 Зургаан өдөр та нар үүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь Амралтын өдөр тул юу ч байхгүй гэв. 27 Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй. 28 ЭЗЭН, Мосед

—Хэдий болтол та нар Миний тушаал, Миний хуулиудыг сахихаас татгалзах юм бэ? 29 Хар. ЭЗЭН та нарт Амралтын өдрийг өгсөн. Тиймээс зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр байрнаасаа бүү гар гэв. 30 Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав. 31 Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв. 32 Мосе

—ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египет нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв. 33 Мосе, Ааронд

—Ваар авч, дотор нь нэг омер манна хий. Үүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв. 34 ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Аарон үүнийг Гэрчлэлийн өмнө тавьж хадгалав. 35 Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ. 36 Нэг омер нь ефагийн аравны нэг юм.