Цус ба гэрээ

24
1 Дараа нь Тэр, Мосед

—Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө. 2 Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв. 3 Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар

—ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. 4 Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо. 5 Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв. 6 Мосе цусны хагасыг нь авч савнуудад хийн хагасыг нь тахилын ширээн дээгүүр сүрчив. 7 Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд

—ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв. 8 Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр сүрчин

—Үзэгтүн, энэ бүх үгийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цус юм гэв.

Уулан дээр Бурхантай цуг

9 Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч, 10 Израилийн Бурханыг үзэв. Хөлийнх нь доор тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа. 11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав. 12 Тэгээд ЭЗЭН, Мосед

—Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв. 13 Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа. 14 Харин ахмадуудад тэр
—Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв. 15 Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. 16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав. 17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. 18 Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.