38

Шатаалт тахилын ширээ
(Гэт 27:1–8)

1 Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ. Тэрээр үүний дөрвөн буланд нь эврүүд хийв. Эврүүд нь ширээтэйгээ нэгэн цул байсан ба тэр үүнийг хүрлээр бүрэв. Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгсэл болох сав, утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хийв. Бүх л хэрэгслийг хүрлээр үйлдэв. Тэрээр тахилын ширээнд зориулж доод амсрынх нь доор тахилын ширээний өндрийн дундад хүргэж тавих хүрэл сараалжин торыг хийв. Мөн хүрэл торны дөрвөн өнцөгт дамнуургуудыг тогтоохоор дөрвөн гархи цутгажээ. Тэрээр хуайс модон дамнуургууд хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв. Тахилын ширээг зөөхийн тулд дамнуургуудыг түүний хажуу тал дахь гархинуудад тэрээр шургуулав. Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хийжээ.

Дараа нь тэр, хүрэл суурьтай угаалгын хүрэл савыг уулзалтын майхны үүдэнд үйлчилдэг үйлчлэгч эмэгтэйчүүдийн толиор хийлээ.

Хашаа
(Гэт 27:9–19)

Тэгээд тэр хашааг хийжээ. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд зуун тохой урттай байв. 10 Багананууд нь хорь байсан бөгөөд хорин хүрэл углууртай байв. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн ажээ. 11 Үүнчлэн умард зүгт ч зуун тохой урт хөшиг байсан ба хорин багана, хорин хүрэл углууртай бөгөөд баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн аж. 12 Баруун зүгт нь арван багана, арван углууртай тавин тохой хөшиг хийв. Баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн байв. 13 Зүүн зүгт буюу урд талд нь тавин тохойг хийв. 14 Нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байв. 15 Хашааны хаалганы нөгөө талд тусбүрд нь арван таван тохой хөшиг ба гурван багана, гурван углуур байлаа. 16 Хашааны эргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ. 17 Баганануудад зориулсан углуур нь хүрэл бөгөөд баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх багана мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байв.

18 Хашааны хаалганы дэлгэц нь хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн нэхмэлчдийн урлал байв. Урт нь хорин тохой бөгөөд өндөр буюу өргөн нь хашааны хөшигнүүдтэй адил таван тохой байв. 19 Дөрвөн баганатай, тэдгээрийн дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ. 20 Асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадас хүрэл байв.

Асрын эд зүйлс

21 Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ. 22 Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь Мосед ЭЗЭНий тушаасан бүхнийг хийв. 23 Түүнтэй хамт сийлбэрчин, урлаач ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн маалингын нэхмэлчин болох Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв. 24 Ариун газрын бүх гүйцэтгэлийн ажилд зарцуулагдсан бүх алт буюу даллах өргөлийн алт нь ариун газрын шекелээр хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв. 25 Хотол түмний тоологдсон хүмүүсээс гарсан мөнгө ариун газрын шекелээр зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.* 26 Энэ нь хорь болон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавиас буюу тоологдсон хүн нэгбүрээс ариун газрын шекелээр хагас шекел болох нэг бека байв.* 27 Зуун талант мөнгөөр ариун газрын углуур болон хөшигний углууруудыг цутгасан бөгөөд зуун талант нь зуун углуурт буюу нэг талант нь нэг углуурт зарцуулагджээ. 28 Мянга долоон зуун далан таван шекелээр тэрээр баганануудын дэгээг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв. 29 Даллах өргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв. 30 Түүгээр тэр уулзалтын майхны үүдэнд углууруудыг мөн хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь болон тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ. 31 Мөн эргэн тойрон дахь хашааны углуурууд, хашааны хаалганы углуурууд, асрын гадас болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хийв