Алтан тугал
(Дх 9:6–29)

32
1 Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд

—Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв. 2 Аарон тэдэнд

—Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг мулталж, надад авчир гэв. 3 Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ мултлан Ааронд авчрав. 4 Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд

—Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв. 5 Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож

—Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав. 6 Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар босоцгоов. 7 Тэгтэл ЭЗЭН, Мосед

—Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ. 8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв. 9 ЭЗЭН, Мосед

—Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна. 10 Одоо Би уур хилэнгээ тэдний эсрэг шатааж, тэднийг устгахын тулд Намайг орхи. Харин чамайг Би агуу үндэстэн болгоно гэж айлдав. 11 Тэгэхэд Мосе, Бурхан ЭЗЭНээсээ гуйж

—ЭЗЭН, агуу хүч чадал, хүчирхэг мутраар Египет нутгаас гаргасан ард түмнийхээ эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ? 12 Юунд египетчүүдээр “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хөнөөлт санаагаар гаргасан юм” гэж яриулах ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, ард түмэндээ хор хөнөөл учруулах санаагаа өөрчлөөч. 13 Абрахам, Исаак, Израиль хэмээх зарц нараа санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би үр удмыг чинь тэнгэрийн од шиг олшруулж, амласан бүх газраа үр удамд чинь өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж тэдэнд айлдсан шүү дээ гэв. 14 Тиймээс ЭЗЭН ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчилжээ. 15 Тэгээд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байсан бөгөөд тэдгээр нь хоёр талдаа ар өвөргүй бичигдсэн байлаа. 16 Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ. 17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед

—Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд 18 Харин Мосе

—Ялалтын уухайн дуу ч биш,

Ялагдлын хашхирах дуу ч биш ээ.

Харин дуулалдах чимээг би

     сонсож байна
гэв. 19 Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав. 20 Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатаан нунтаглаж бутлаад, усны мандалд цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав. 21 Мосе, Ааронд

—Энэ ард түмэн чамд юу үйлдсэн гээд чи эдний дээр ийм их нүгэл авчрав? гэхэд 22 Аарон

—Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ. 23 Тэд надад “Бидний өмнө явах бурхдыг бидэнд зориулан бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн. 24 Тэгээд би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ мулталж өг” гэж хэлсэн. Тэд алтнуудаа надад өгсөнд би галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хэлэв. 25 Ард түмэн задгай замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг эсэргүүцэгчдийнх нь дунд шившиг болгохоор задгай замбараагүйд хүргэжээ. 26 Мосе хуарангийн хаалган дээр зогсож

—ЭЗЭНий талд байгч хэн бэ? Нааш ирэгтүн! гэж хэлсэнд Левийн хөвгүүд бүгд түүн дээр цугларав. 27 Мосе тэдэнд

—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүн бүр илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, хүн бүр найз нөхдөө, хүн бүр хөршөө ал!” гэж хэлэв. 28 Левийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдсэнд тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ. 29 Тэгээд Мосе
—Өнөөдөр өөр дээрээ ерөөлийг соёрхуулахын тулд хүн бүр хүүгийнхээ эсвэл ах дүүгийнхээ үнээр өөрсдийгөө өнөөдөр ЭЗЭНд зориул гэв. 30 Дараа өдөр нь Мосе ард түмэнд

—Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв. 31 Тэгээд Мосе, ЭЗЭНд буцаж очин

—Ээ халаг, энэ ард түмэн их нүгэл үйлдэж, өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ. 32 Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв. 33 ЭЗЭН, Мосед

—Миний эсрэг нүгэл үйлдсэн хэн ч бай түүнийг Би номоосоо арилгана. 34 Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв. 35 Тэгээд Аароны бүтээсэн буюу тэдний бүтээсэн тугалаас болж ЭЗЭН ард түмнийг тахлаар цохив.