Амралтын өдрийн журам

35

1 Дараа нь Мосе, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг хуралдуулан, тэдэнд

—ЭЗЭН та нарт эдгээр зүйлийг хий гэж тушаасан. 2 Зургаан өдөр ажил хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.* Амралтын өдөр та нар гэр орондоо гал асааж болохгүй гэв.

Асар барих бэлтгэл
(Гэт 25:1–9; 39:32–43)

4 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин

—ЭЗЭН энэ зүйлийг тушаан айлдахдаа 5 “Дундаасаа ЭЗЭНд хандив ав. Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн, судалт гартаам чулуунууд мөн ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. 10 Та нарын дундаас ур авьяаст хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй. 11 Үүнд: асар ба майхан нь мөн үүний бүтээлэг, дэгээ, дүнз, хөндөл, багана болон углуурууд нь, 12 авдар ба үүний дамнуургууд мөн эвлэрүүлгийн таг, дэлгэцийн хөшиг, 13 ширээ ба дамнуургууд нь, үүний бүх хэрэгсэл, тавиг талх 14 мөн гэрэлтүүлгэд зориулсан дэнлүүний суурь ба хэрэгсэл нь, дэнлүүнүүд ба гэрэлтүүлгийн тос 15 мөн утлагат тахилын ширээ ба үүний дамнуургууд, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц 16 мөн шатаалт тахилын ширээ хүрэл тортойгоо, үүний дамнуурга ба бүх хэрэгсэл нь, угаагуур ба үүний суурь, 17 хашааны хөшигнүүд ба үүний багана, углуурууд мөн хашааны хаалганы дэлгэц, 18 асрын гадас ба хашааны гадаснууд ба тэдгээрийн оосрууд, 19 ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэлд зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байна” гэв гэжээ.

Асарт зориулсан өргөл

20 Тэгээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосегийн өмнөөс холдоцгоов. 21 Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сэтгэлээсээ хүссэн бүхэн ирж, уулзалтын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандив авчрав. 22 Өгөх сэтгэлтэй эрэгтэй, эмэгтэй хэн боловч бүгд ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлээ буюу хүн бүр ЭЗЭНд алтаар даллан өргөх даллах өргөлөө авчрав. 23 Түүнчлэн хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон авчрав. 24 Мөнгө, хүрлээр хандив өргөх хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой хүн бүр авчрав. 25 Үйлэнд уран эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо буюу хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг авчрав. 26 Зүрх нь мэргэн ухаанаар хөдөлсөн эмэгтэй бүхэн ямааны хялгасыг ээрэв. 27 Бүх удирдагч судалт гартаам чулуу мөн ефод болон цээживчинд суулгах чулуунууд, 28 гэрэлтүүлэгд зориулан тосыг мөн тослох тосонд болон анхилуун утлагад зориулан үнэртнийг авчрав. 29 ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.

Безалел Охолиаб хоёр
(Гэт 31:1–11)

30 Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд

—Үзэгтүн, Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг ЭЗЭН нэрээр нь дуудав. 31 Тэр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 32 уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, 33 суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд юм. 34 Тэрээр заах чадварыг түүнд болон Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын зүрхэнд ч бас өгчээ. 35 Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.