Тахилчдын томилгоо
(Лев 8:1–36)

29
1 Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц, 2 буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тосонд багсарсан исгээгүй боов болон тос түрхсэн исгээгүй бин зэргийг авагтун. 3 Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн. 4 Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа. 5 Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, уран нэхсэн ефодын бүсээр бүслэгтүн. 6 Толгойд нь толгойн ороолт тавьж, толгойн ороолт дээр ариун титмийг тогтоогтун. 7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол. 8 Тэгээд чи Аароны хөвгүүдийг авчран тэдэнд дотуур дээл өмсгө. 9 Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ. 10 Тэгээд чи уулзалтын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина. 11 Тэгээд уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун. 12 Чи залуу бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Үлдсэн бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун. 13 Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун. 14 Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна галд шатаагтун. Энэ нь нүглийн тахил юм. 15 Чи бас нэг хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина. 16 Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээг тойруулан сүрчигтүн. 17 Дараа нь өнөөх хуцыг эвдэн гэдэс дотор болон гуяыг нь угааж, бусад хэсэг болон толгойтой нь хамт тавигтун. 18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаагтун. Энэ нь ЭЗЭНд өргөх шатаалт тахил буюу ЭЗЭНд өргөх тааламжит үнэр, галан тахил юм. 19 Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина. 20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аароны баруун чихний гэдэс, хөвгүүдийнх нь баруун чихний гэдэс, тэдний баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэж, цусыг тахилын ширээг тойруулан цацагтун. 21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана. 22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.) 23 мөн ЭЗЭНий өмнө байх исгээгүй талхны сагснаас нэг дугуй талх, тосонд багсарсан нэг боов ба нэг бинг авч, 24 энэ бүгдийг Аарон ба түүний хөвгүүдийн гарт тавьж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. 25 Чи тэдгээрийг гараас нь авч, ЭЗЭНий өмнө тааламжит үнэр, ЭЗЭНд өргөх галан тахил буюу шатаалт тахил болгон тахилын ширээн дээр шатаа.

26 Дараа нь чи Аароны томилгооны ёслолд зориулсан хуцын өвчүүг авч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь болой. 27 Ааронд болон хөвгүүдэд нь зориулсан томилгооны ёслолын хуцаас даллах өргөлд далласан өвчүү ба хандив болгон өргөсөн гуяыг чи ариусга. 28 Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм. 29 Аароны ариун хувцаснууд нь түүний дараах хөвгүүдэд нь шилжих ба тэд түүнийг өмсөн тослогдох буюу сахил хүртэх болно. 30 Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг нь ариун газарт үйлчлэхээр уулзалтын майханд орохдоо эдгээрийг долоо хоногийн турш өмсөх ёстой. 31 Чи томилгооны ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун. 32 Аарон болон хөвгүүд нь хуцын мах, сагсан дахь талхыг уулзалтын майхны үүдэнд иднэ. 33 Тийнхүү өөрсдөд нь сахил хүртээж, өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүллийг хийхэд хэрэглэсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүн идэж болохгүй. 34 Хэрэв томилгооны ёслолын мах юмуу талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй. 35 Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Ааронд болон хөвгүүдэд нь үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ. 36 Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн тахил болгон нэг залуу бух өргө. Тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийх үед түүнийг цэвэршүүлж, ариусгахаар тослогтун. 37 Долоо хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж ариусга. Тэгээд тахилын ширээ нь ариунаас ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариусна.

Өдөр бүрийн тахил
(Тоо 28:1–8)

38 Тахилын ширээн дээр өдөр бүр өргөх зүйл нь хоёр хурга болно. 39 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 40 Нэг хурганд шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэг сайн гурил мөн ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна. 41 Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд үүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өргөгтүн. 42 Энэ нь ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд чамд үе уламжлан байнгын шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм. 43 Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана. 44 Би уулзалтын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Түүнчлэн Өөртөө тахилчийн албанд үйлчлүүлэхээр Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана. 45 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно. 46 Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египет газраас тэднийг авчирсан Бурхан ЭЗЭН бол Би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний Бурхан ЭЗЭН.