Утлагат тахилын ширээ
(Гэт 37:25–28)

30
1 Дараа нь чи утлага уугиулах тахилын ширээг хийгтүн. Түүнийг хуайс модоор хий. 2 Урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байна. Эврүүд нь түүнтэй нэгэн цул байна. 3 Уг тахилын ширээг буюу оройг нь, бүх хажуу талыг нь тойруулан мөн эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи үүнийг тойруулан алтан эмжээр хий. 4 Эмжээрийнх нь доор, хоёр эсрэг хажуу дээр нь хоёр алтан гархи хий. Үүнийг хоёр эсрэг талд нь хий. Энэ нь тахилын ширээг зөөх дамнуургын тогтоогч болно. 5 Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн. 6 Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь. 7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой. 8 Мөн Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүд асаахдаа үе уламжлан ЭЗЭНий өмнө байнгын утлага болох утлагат тахилыг өргөнө. 9 Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, идээн өргөл бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг ч бүү цутга. 10 Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.

Эвлэрүүлгийн хагас шекел мөнгө

11 Тэгээд Мосед ЭЗЭН

12 Чи Израилийн хөвгүүдийг бүртгэхээр тооллого хийх үед хүн бүр төлөөнийхөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи бүртгэх үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм. 13 Тоологдсон хүн бүр нь ариун газрын шекелээр хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм. 14 Хорь ба түүнээс дээш насны, тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө. 15 Төлөөнийхөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу хүн багыг өгөх ёсгүй. 16 Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүлгийн мөнгийг авч, уулзалтын майхны үйлчлэлд өг. Ингэснээр төлөөнийхөө эвлэрүүллийг хийх явдал Израилийн хөвгүүдийн төлөө ЭЗЭНий өмнө дурсгал болох юм гэв.

Хүрэл сав

17 Мосед ЭЗЭН айлдан
18 Чи бас угаалгад зориулан хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийж, уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд түүнийг тавьж, дотор нь ус хий. 19 Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг. 20 Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл ЭЗЭНд галан тахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой. 21 Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон ба үр удамд нь үе уламжлан үүрдийн зарлиг байх болно гэв.

Ариун тослох тос ба утлага

22 ЭЗЭН цааш нь Мосед айлдан

23 Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел, 24 касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг. 25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. 26 Үүгээр чи уулзалтын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. 27 Мөн ширээ болон бүх хэрэгслийг нь, дэнлүүний суурь болон хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, 28 шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав болон суурийг нь тослогтун. 29 Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. 30 Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун. 31 Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийн
хэл. “Энэ нь бүхий л үед чинь Надад зориулагдсан ариун тосолгооны тос болно. 32 Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. 33 Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ. 34 Дараа нь Мосед ЭЗЭН

—Өөртөө зориулан анхилуун үнэртнүүд болох стакте, ониха, халвана болон цэвэр гүглийг, тусбүрээс нь ижил хэмжээгээр авагтун. 35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн. 36 Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой. 37 Ийм найрлагаар хийсэн утлагыг чи өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь чиний хувьд ЭЗЭНд ариун байх ёстой. 38 Үүнтэй адилыг өөртөө сүрчиг болгож хэрэглэхээр хийсэн хэн боловч ард түмнээсээ таслагдана гэж айлдав.