Эзэн боолын хууль
(Дх 15:12–18)

21
1 Чиний тэдэнд өгөх шийдвэрүүд энэ юм. 2 Хэрэв чи еврей боол худалдан авбал тэр зургаан жил зарцлагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэрээр төлөөсгүйгээр чөлөөлөгдөнө. 3 Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна. 4 Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой. 5 Гэвч хэрэв боол «Би эзэндээ болон эхнэр хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй» гэж үнэхээр хэлбэл 6 эзэн нь түүний хүсэлтийг Бурханы өмнө авчран хаалга буюу хатавчны хажууд зогсоон эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой. 7 Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй. 8 Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд нэгэнт шударга бус хандсан тул түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй. 9 Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охины ёсоор харьцах ёстой. 10 Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэр нь хоол, хувцас гэхчлэн гэр бүлийн харилцаанаас хасагдах ёсгүй. 11 Хэрэв энэ гурван зүйлийг тэр биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч өр шир, төлөөс мөнгөгүйгээр чөлөөлөгдөнө.

Амь биеийн хууль

12 Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой. 13 Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө. 14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг үхүүлэхийн тулд Миний тахилын ширээнээс салгаж ав. 15 Хэн эцэг эхээ цохино тэр заавал алуулах ёстой. 16 Хэн хүн хулгайлна тэр түүнийгээ зарсан ч бай эсвэл хулгайлагдсан хүн нь хулгайчийн эзэмшлээс олдсон ч бай, заавал алуулах ёстой. 17 Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой. 18 Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод, 19 дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний хэвтэрт алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна. 20 Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой. 21 Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн. 22 Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход хүүхэд нь зулбасан хэдий ч биед нь ямар ч гэмтэл байхгүй болбоос цохисон хүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. 23 Харин өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар, 24 нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр, 25 түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө. 26 Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээх аваас нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой. 27 Мөн хэрэв боол эсвэл шивэгчнийхээ шүдийг булга цохивоос шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

Өмчийн хууль

28 Хэрэв эрэгтэй юмуу эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн шийтгэлгүй. 29 Гэвч үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвээс уг үхрийг чулуудан хороож бас эзнийг нь ч алах ёстой. 30 Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбаас тэр амиа аврахад ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө. 31 Үхэр нь эрэгтэй юмуу эмэгтэй хүүхдийг мөргөвөөс энэ шийдвэр ёсоор үйлдэнэ. 32 Хэрэв боол эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхрийг чулуудан алах ёстой. 33 Хэрэв хүн нүхийг онгорхой орхисон эсвэл нүх ухаад буцааж дараагүйгээс болж үхэр эсвэл илжиг нүхэнд нь унах аваас 34 нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно. 35 Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албаас тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой. 36 Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж цайруулан харин үхсэн үхрийг өөртөө авна.