Ямагт шударга байхуй

23
1 Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй. 2 Ёрын муу үйлдэлд олныг бүү дагалд. Шүүхэд гэрчлэхдээ олонхыг дагалдан шударга ёсыг бүү гажуудуул, 3 ядуу хүнийг ч бүү ялгаварла. 4 Хэрэв дайсныхаа алдуул үхэр, илжигтэй тааралдвал түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг. 5 Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл. 6 Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул. 7 Худал заргаас хол байж, гэмгүй зөвт нэгнийг бүү хөнөө. Учир нь Би буруутанг зөвтгөхгүй. 8 Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. 9 Чи ирмэл хүнийг бүү дарангуйл. Та нар ч Египет газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ.

Амралтын жил ба өдөр

10 Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа. 11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд. 12 Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг. 13 Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь! Өөр бурхдын нэрийг хүлээн авч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

Жил бүрийн баярууд
(Гэт 34:18–26; Дх 16:1–17)

14 Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ. 15 Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй. 16 Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь. 17 Жилд гурван удаа танай эрчүүд бүгд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой. 18 Чи Миний тахилын цусыг исгэсэн юмтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул. 19 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

Канаан газрыг амлав

20 Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна. 21 Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй. 22 Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. 23 Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. 24 Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал. 25 Чи Бурхан ЭЗЭНдээ үйлчил. Тэгвэл Тэрээр талх усыг чинь ерөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна. 26 Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ. 27 Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. 28 Би чиний өмнө хорт хэдгэнийг явуулан хиви, канаан болон хитчүүдийг өмнөөс чинь зайлуулахдаа 29 газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний эсрэг олшрохгүйн тулд ганцхан жилийн дотор тэднийг өмнөөс чинь зайлуулчихгүй. 30 Чамайг үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг өмнөөс чинь бага багаар зайлуулна. 31 Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна. 32 Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. 33 Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.”