Израильчууд Синаи ууланд

19
1 Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. 2 Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ. 3 Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан

—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. 4 “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан. 5 Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх. 6 Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв. 7 Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан өөрт нь ЭЗЭНий тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлэв. 8 Бүх ард түмэн нийтээрээ

—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав. 9 ЭЗЭН, Мосед

—Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.

Хүмүүсийг ариусгав

10 Бас ЭЗЭН, Мосед

—Ард түмэн дээр очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариун байлга.Хувцсыг нь угаалган11 тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ. 12 Чи ард түмэнд зориулан уулын эргэн тойронд тиг татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүн заавал алагдах ёстой. 13 Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүн уруу чулуу шидэж эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уулан дээр гарч ирэг гэв. 14 Тийнхүү Мосе уулнаас буун ирж, ард түмнийг ариун байлгав. Тэд хувцсаа угаалаа. 15 Мосе ард түмэнд

—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв. 16 Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов. 17 Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо. 18 Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа. 19 Дараа нь эвэр бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав. 20 ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буулаа. ЭЗЭН, Мосег уулын орой өөд дуудсанд Мосе очив. 21 ЭЗЭН, Мосед

—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий. 22 ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв. 23 Мосе, ЭЗЭНд

—Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та “Уулыг тойруулан тиг татаж, уулыг ариун гэж тунхагла” гэж анхааруулсан билээ гэв. 24 Тэгэхэд ЭЗЭН, түүнд

—Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв. 25 Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.